Томуу, томуу төст өвчний тархалт, өвчлөлийн нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 120 мянган үзлэг хийгдсэнээс 7.8 хувьд нь буюу 9200 нь томуу, томуу төст өвчний тохиолдол байсан бөгөөд үүнээс 85.7 хувьд нь 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл эзлэж байна.
Нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг, 8 эрүүл мэндийн төвөөр 1311 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87 хувь нь томуу, томуу төст өвчнөөр эмчлүүлж байна.
Төрөлжсөн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагад 1814 ор дээр нэмж 3122 ор нэмж өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх бэлэн байдлаар хангасан.
Энэ долоо хоногт томуу, томуу төст өвчнөөр өвчилж, хэвтэн эмчлүүлсэн тохиолдол өмнөх долоо хоногийнхоос 5.3 хувиар өссөн тоо. Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх шинжтэй байна. Өвчлөгсдөөс шинжилгээ авахад томуугийн А хүрээний вирус түгээмэл байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа учир иргэдийн зүгээс вирусаар өвчлөхөөс урьчилан сэргийлэх шаардлагатай байна.
Ялангуяа хүүхдэд ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байгаа үед хичээлд нь явуулж байгаа нь хүүхдийн өвчлөл хүндрэх, нэг анги танхим дахь хүүхдүүдийг мөн эрсдэлд оруулж байна. Тиймээс өвчилсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх, 5 хоногийн турш гэрт нь эмчийн зааврын дагуу эмчилж эдгээсний дараа амны хаалтыг нь зүүлгэж сургууль, цэцэрлэгт нь явуулахыг зөвлөж байна.
Бага насны нярай хүүхэд болон 5-15 насны хүүхдүүдийг өвчлөлийн үед нь хүндрүүлж хатгаа болгож байгаа эрсдэл маш их байна. Томуугийн дэгдэлтийн үед агаарт гарах, гэртээ агааржуулалт хийх, дархлаагаа дэмжих зэргээр урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.