СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-12-02

Уяачдын холбооны ерөнхийлөгчийн сонгуулиас П.Энхмөнх нэрээ татлаа

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо /ММСУХ/-ны VIII Их хурал “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулагдаж байна.  

ММСУХ-ны Ерөнхийлөгчид Монгол Улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав, Монгол Улсын Тод Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх,  Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Тод Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх нэр дэвшихээс татгалзаж, нэрээ татлаа. 

Монгол Улсын Тод Манлай уяач П.Энхмөнх: 

Бид өнөөдөр 30 жилийн түүхээ бичилцэж, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ээлжит их хуралаа хийж байна. Энэ өдөр түүхэн шийдвэрийг гаргах гэж байгаа хариуцлагатай цаг мөчид миний бие нэгэн мэдэгдлийг гаргаж байна.
ММСУХ-ны дараагийн ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч батламжаа авч сонгуулийн ажлыг эхлүүлсэн билээ. Энэ үед бид 3 хэн нэгнийхээ нэр төр алдар хүндэд халдахгүй гэж эр хүн шиг гар барьсан билээ. ММСУХ-ны бол гурван хүний өрсөлдөөн биш, гурван хүний хувийн байгууллага ч биш юм. Олон мянган хүний эрх ашиг, тэгш оролцоог хангах ёстой олон нийтийн байгууллага билээ.
Мөн би Үндэснийхээ агуу их өв соёлыг улс төрийн оролцоогүй байлгах тал дээр хичээдэг ч маш том бүлэглэлийн эсрэг босоход хүндрэлтэй байлаа. Гэсэн ч өөрийн үзэл бодол, нийт уяачдынхаа эрх ашгийн төлөө шударга дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Цаашид миний бие нийт уяачдынхаа эрх ашиг, эв нэгдлийн төлөө зөвд зөөлөн бурууд хатуу хэвээр байсаар байх болно.
Сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаанд Улс төрийн сонгууль шиг маш бохир аргуудыг хэрэглэж, төлбөртэй нэвтрүүлэг бэлтгэж, цахим орчинд хуурамч хаягаар баримт нотолгоогүйгээр намайг маш олонтой гүтгэж, харлуулсныг та бүхэн ч харсан байх. Би аавынхаа санаачилж бий болгосон их айл болох Монголын Морин Спорт Уяачдын Холбоонд алдар нэрээ цуурайтуулж орж ирэх ёстой болохоос, авгай хүүхний хэрүүл дагуулж орж ирэх нь ёс зүйгүй гэж үзэж байна. Миний өрсөлдөгчийн зүгээс болон троллуудын элдэв гүтгэлэг харлуулалт, нэр төр гутаалт нь манай гэр бүл, өсвөр насны үр хүүхдүүдийн маань сэтгэл зүйд маш хүндээр туслаа.
Тиймээс энэ индэрт зогсохын өмнө олон найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны эцэст Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гэх том айлыг удирдах хүнийг сонгох түүхэн хариуцлагатай шийдвэрийн өмнө миний бие Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхийлөгчийн сонгуулиас албан ёсоор нэрээ татаж байгаагаа мэдэгдэж байна. Би хийгээгүй хэрэг дээрээ нэр төрөө цэвэрлэж, түмэн олондоо ёс зүйтэй гэдгээ баталж Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүнд дахин өрсөлдөх болно гэдгээ та бүхэнд амлаж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.