УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газраас өргөн бариад буй Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ингэхдээ тус хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-УИХ-аас Монгол Улсын ерөнхийлөгчийн тавьсан хоригийн хүрээнд 2025 оны төсвийг Засгийн газар дахин боловсруулж оруулж ирэхийг хугацааг аравхоёрдугаар сарын 10-ны дотор гэж зааж өгсөн. Засгийн газар ажиллаж байна. Гэхдээ зохицуулалтгүй шинэ нөхцөл байдал үүсэж байгаа учраас зайлшгүйгээр хуулийн зохицуулалтыг өргөн барилаа. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд бид ирэх жилийнхээ төсвийг нэг л удаа өргөн барьж ирсэн хуулийн цагалбартай. Төсвийн тухай хууль, 2025 оны төсвийн хууль хоёр тусдаа өөр хууль. Миний одоо ярьж байгаа нь дэг, цагалбараа зохицуулдаг төсвийн суурь хуулиа ярьж байна.
Одоо байгаа хуулиараа есдүгээр сарын нэгэнд дараа оныхоо хуулийг өргөн барьдаг. Үүний тулд дор хаяж зургаан сар бэлддэг. Хуулийн процессоор явагдаад хэлэлцэгдээд хориг тавигдсан. УИХ-д өргөн мэдүүлсний дараа 70 гаруй хоног төсөв хэлэлцсэн. Маш өргөн хүрээнд хүртээмжтэй байдлаар төсвөө хэлэлцсэн гэж үзэж байгаа.
Төсвийн үндсэн суурь дээр ерөнхийлөгчийн тавьсан хориг болон УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу засварыг хийгээд ингээд буцаад өргөн барина. Иймд бүр анхан шатнаас нь тоог цуглуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Хялбаршуулсан байдлаар бэлдэж хуулийн төслийг өргөн барьсан. Бүлгээс 100 хувь дэмжиж, яаралтай горимоор хэлэлцэхээр болсон. Үүнийг хэлэлцээд УИХ-аар батлагдсаны дараа 2025 оны төсвийг өргөн барих боломж бүрдэнэ. 12 дугаар сардаа багтан 2025 оны төсвийг хэлэлцэж батлах ёстой. Үүний дараа нийслэл, орон нутгийн төсвийг хэлэлцэх учраас хүлээх шаардлагатай.
МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:
УИХ-ын намын бүлгүүд энэ төсвийн төслийг дэмжчихвэл үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж Төсвийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Маргааш УИХ хуралдаж эцэслэн батална. Үүний дараа 2025 оны Төсвийн төслийг өргөн барина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.