Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 4782 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлига, албан тушаалын 4, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн албан тушаалтан С.Б нь тус эмнэлгээс зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан Х.О нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Иргэн Б.Н, Б.Д нар нь насанд хүрээгүй хүүхдийн эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Иргэн Г.М нь бусдын гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гаалийн газрын албан тушаалтан Ж.У, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цагааннуур боомтоор нэвтрүүлсэн эд зүйлсийн шинжилгээний хариу гараагүй байхад гаалийн хяналтын бүсээс гаргаж бусдад давуу байдал бий болгосон, мөн Гаалийн газрын албан тушаалтан Х.Ж, Т.Б, Д.А нар нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн гаалийн хяналт шалгалтыг биечлэн хийлгүйгээр хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Монгол Улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Д.А, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.Ж, М.Ш, В.Ш нар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлсийг устгасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 21.1 дүгээр зүйлийн 1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ю.Ш нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.