Францад шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн шар хантаазтнуудын бослогоос сэрэмжилж нийслэл Парис хотын үзэсгэлэнт Эйфелийн цамхаг энэ амралтын өдрүүдэд хаалгаа барихаа мэдэгджээ.
Өнгөрсөн гурван долоо хоногийн турш үргэлжилсэн жагсаал тэмцэл энэ амралтын өдрүүдэд ч үргэлжлэх юм. Тус улсын түүхэнд тохиож байгаагүй хүчтэй эсэргүүцлийн хөдлөгөөн жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн, эмх замбараагүй байдлыг үүсгээд байгаа юм.
Жагсаал эхэлснээс хойш гурван хүн амиа алдаж, олон зуун хүн баривчлагдсан. Маргааш жагсаал зохион байгуулагдах гудамж талбайд 89,000 цэрэг цагдаа, хүнд машин техник хамгаалалтанд гарахаар бэлдэж байна.
Эйфелийн цамхагаас гадна Елисейн ордны дэргэдэх олон нийтийн үйлчилгээний газрууд, зоогийн газар, зарим музейг үүд хаалгаа барихыг шаарджээ.
Энэ долоо хоногийн эхэнд эрх баригчид түлш, шатахууны үнийг нэмэх асуудлыг хагас жилээр хойшлуулсан. Эхэндээ түлш, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж байсан жагсаал Засгийн газрыг бүх салбарын үйл ажиллагааг шүүмжлэн буруушаасан ард иргэдийн тэмцэл болон хувирч, улс орон даяар газар авсан юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.qz.com