СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-28

БНТУ-ын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акарыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 цагийн өмнө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга болон гишүүдийн анхны айлчлал хоёр улсын парламентын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна гэлээ.

Тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг онцлон тэмдэглээд улмаар 2001 оноос  хойш Туркийн цэргийн сургуулиудад манай улсын алба хаагчдыг сургасан нь салбарын боловсон хүчний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдав.

Мөн тэрбээр холимог тогтолцоогоор явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль, түүний үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын талаар товч мэдээлэл өгсний зэрэгцээ хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар, Монгол Улсад урьсанд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.

Мөн тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байгаа хэдий ч, хоёр улсын харилцаа  өнө эртний түүхтэй, өв соёлын ойр холбоотой гэж байлаа. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх, тэр дундаа парламент хоорондын айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, нягт хамтран ажиллахад бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.     

Уулзалтад Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Б.Жаргалан, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дэд дарга Рефик Өзен, тус Байнгын хорооны гишүүн Фейзи Бердибек, Мехмет Али Жевхери, Өзгүр Жейлан, Эелем Эрту Эртурул, Аяюже Түркеш Таш, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.