Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан төсвийн хоригийг хэрхэн, ямар дэгээр хэлэлцэх эсэхийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс тавьсан төсвийн хоригийг хэрхэн хэлэлцэх асуудлаар есөн гишүүнтэй ажлын хэсэг гараад байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж буй юм. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарын байр суурийг сонслоо.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:
-Монгол Улсын 2025 оны төсөв болон дагалдах хуулиудад бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Монгол Улсын Их хурлын чуулганы Дэгийн тухай хуулиар зохицуулаагүй бол УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо тухайн асуудлаар хуралдаж, ямар зохион байгуулалтаар хэлэлцэх эсэхийг санал хураалт явуулж, саналаа УИХ-д хүргүүлэх ёстой. Ёс зүй, дэгийн байнгын хороо дангаараа хуралдаж болохгүй юм байна гэж үзээд өчигдөр Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хурал зохион байгуулж, ажлын хэсэг байгуулсан.
Мөн өнөөдөр хоёр байнгын хороо хамтарсан хурал хийж, төсвийн хоригийг хэрхэн хэлэлцэх саналаа нэгтгэж, дэгийн саналаа УИХ-д хүргүүлэхээр боловсрууллаа. Маргааш нэгдсэн чуулганы хуралдаанд саналаа өгч хэлэлцүүлнэ.
Төсөв гэдэг нь Засгийн газар өргөн барьдаг тусгай хууль. Засгийн газар 2025 оны төсвийн хуулийг өргөн барьсан. УИХ түүнийг бараг хэвээр нь баталсан. Тэгэхээр Засгийн газар дээр байсан төсвийг Ерөнхийлөгч хориг тавиагүй. УИХ-аар баталсан хойно нь хориг тавьсан. Иймд Төсвийн байнгын хороо эхлээд Засгийн газраас санал авна. Засгийн газар төсвийн өөрчлөлтийн саналаа нэгтгээд Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Түүний дараа байнгын хороодоор хэлэлцүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Төсвийн хуулийг ийм байдлаар хэлэлцэхээр санал боловсруулаад байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.