Улс төрийн намын тухай хуулийн Шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Парламентад суудалгүй улс төрийн намуудын зүгээс хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлт илэрхийлээд байгаа юм. УИХ-ын гишүүд уг асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Улс төрийн намын тухай шинэ хуулиар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө дүрмээ шинэчилсэн байх ёстой. Хэрэв энэ хугацаанд дүрмээ шинэчлэх асуудлыг хойшлуулбал санхүүжилтийг нь хамтад нь хойшлуулбал яасан юм бэ? Улсын төсвөөс өгдөг санхүүжилтийн дэмжлэгийг хойшлуулах асуудлыг хамтад нь оруулах хэрэгтэй. Дотроо дүрэм журмаа шинэчилж чадахгүй, учраа олохгүй байгаа нөхөдүүдэд төсвөөс санхүүжилт өгөхөөр эргээд улсын хөрөнгийг үрэн таран хийнэ. Дүрмээ шинэчилсэн намууд санхүүжилт авах эрх нь нээгддэг байх хэрэгтэй.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Улс төрийн намын хуульд нийцүүлээд дүрмээ шинэчилж чадахгүй байгаа намууд цааш байх хэрэгтэй юу гэдгийг ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн байр суурь зөв. Улс төрийн намын тухай хуулийн өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувиар санал авсан нам эвсэлд санхүүжилт олгодог. Одоогийн байдлаар долоон нам эвсэл санхүүжилт авах буюу нэг хувийн босго давсан. Парламентад суудалгүй улс төрийн намууд санхүүжилт авахгүй. Парламентад суудалтай намууд, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв гэх намууд нэг хувийн босго давж санхүүжилт авч байгаа. УИХ дээр ажлын хэсэг байгуулж, тал бүрийн байр суурийг сонсож, энэ хуулийг нэг талд нь гаргах шаардлагатай. Түүнээс цааш шинэ хуулийн дагуу дүрмээ нийцүүлээгүй бол бүртгэх эсэх нь УДШ-ийн шийдвэр гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.