Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар дараах мэдээллийг өгөв.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
-Улсын хэмжээнд хүнс хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой нийслэл болон 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, тодорхой мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хувь өндөр ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэл үүсдэг.
Улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийж үзэхэд өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймаг гантай зуссан учраас эрсдэл өндөр гарсан. Ялангуяа Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин маш өндөр гарсан. Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд зудын эрсдэл их буюу дунджаас дээш байх дүгнэлт гарлаа. Арванхоёр, нэгдүгээр сард өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтэн, ахиу хур тунадас орохоор төлөвтэй байна.
Тийм учраас бид аймаг орон нутагт бэлэн байдлыг хангах, "Шинэ хоршоо" хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнтэй болгох чиглэлд анхаарна. Цаашид зөвлөмж гаргаж, малчдад дэмжлэг үзүүлэх, зудын эрсдэлийг газар дээр нь дүгнэж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах шуурхай бүлгүүдийг томилж, 21 аймаг, 330 суманд ажиллуулна. Аймаг орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан таван бүлэг ажиллаж байна. УОК-ын дэргэдэх шуурхай штаб өнөөдрөөс 24 цагаар ажиллаж, орон нутагт заавар чиглэл өгч ажиллана.
Өнгөрсөн жил 8.4 сая толгой мал хорогдсон. Энэ бол том тоо. Энэ жил 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.