Хуучин нэрээр Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Жаргалд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид 2016 оноос хойш шалгасны эцэст өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлээд байсан юм.
Манай Зам тээврийн яамны болон Болгар улсын “Контракс ЕАД” компанийн хооронд 2012 оны арваннэгдүгээр сард байгуулсан гэрээнд тусгаснаар 4.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, бараа, ажил, үйлчилгээ авахаар болсон байдаг. Гэтэл тухайн үеийн ЗТЯ-ны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргал гэрээний биелэлтэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа хийж гүйцэтгээгүй ажлыг 2015 оны арванхоёрдугаар сард хүлээн авч, Болгарын “Контракс ЕАД” компанид 5.9 тэрбум төгрөг олгуулан давуу байдал бий болгосон хэрэгт холбогдоод буй юм. Ингэснээр Монгол Улсын төсөвт 995.8 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн түүнийг буруутгаж байгаа билээ.
ЗТЯ-наас 2012 онд “Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил” нэртэй тендер зарлаж, Болгарын дээрх компани ялж, найман программ манай талд хүлээлгэн өгөх ёстой байсан ч дутуу өгсөн аж. Прокурорын байгууллага энэ сарын 18-22-ны хооронд эрүүгийн 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын найман хэрэг багтсан юм. Тэдгээрийн нэг нь ЗЦГ-ын Мэргэжил, техникийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад ЗТЯ-ны дээрх албан тушаалд томилогдож асан Б.Жаргалд холбогдох хэрэг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.