“Номадик балет” продакшин “Кармен” бүжгэн жүжгийг сонгодог болон контемпорари төрлөөр хоёр өөр дэглэлттэй толилуулах гэж байна.
"Кармен Сюит" сонгодог бүжгэн жүжгийг энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд толилуулах юм. Харин шинэ дэглэлттэй “Кармен” контемпорари балетыг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд тоглоно. Тоглолтын талаар “Номадик балет” продакшны захирал А.Өлзий-Оршихоос тодрууллаа. Мөн “Номадик балет” продакшны бүжигчнээр ажиллаж буй АНУ-ын Виржини мужийн “Ballet Virginia” компанийн бүжигчин Leah Upchurch-ийн сэтгэгдлийг сонслоо.
“Номадик балет” продакшны захирал А.Өлзий-Орших:
-Манай “Номадик балет” продакшин байгуулагдаад найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд сонгодог, модерн, контемпорари гээд олон бүжгэн жүжгүүдийг тоглосон. Энэ жилийн хавар “Кармен” контемпорари балетыг шинээр дэглэж үзэгчдэд хүргэсэн. Энэ уран бүтээлээ бид дахиад арванхоёрдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөнд толилуулах гэж байна. Энэ удаагийн тоглолт онцлог байгаа. Нэг нь сонгодог байдлаар нөгөө нь контемпорари төрлөөр тоглоно. Үзэгчдэд сонин байх болов уу.
“Кармен” контемпорари балетыг балетмейстер Э.Эрдэнэжаргал дэглэж байна. Бидний хувьд “Кармен” бүжгэн жүжгийг шинээр дэглэх талаар хоёр, гурван жилийн өмнөөс ярьж, бодож байгаад энэ жил үзэгчдийн хүртээл болгож байна. Найруулга, дэглэлтийн хувьд сонирхолтой, үзэгчдийн сонирхлыг татах байх гэж найдаж байгаа. Монгол бүжиг дэглээчид ямар түвшинд явж байгааг энэ бүтээлээс харах боломжтой.
АНУ-ын Виржини мужийн “Ballet Virginia” компанийн бүжигчин Leah Upchurch:
-Сайн байцгаана уу, намайг Leah Upchurch гэдэг. Би Виржиниагаас ирсэн. “Номадик балет” продакшны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.
Монголын соёл, уламжлалаас суралцахыг хичээж байгаа. Соёл болон хэлийг нь сайн мэдэхгүй ч азаар бүжиг бол дэлхий нийтэд нэг л үйл хөдлөл, “хэлээр” ойлгогддог урлаг юм. Монгол бүжигчидтэй ажиллахад маш гайхалтай сэтгэгдэл, дурсамж болж байна. Миний хувьд өндөр нэр төрийн хэрэг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.