Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль, /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж АН-ын бүлэг үзсэн байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн Хууль баталсны 100 жилийн ойд зориулсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хүндэтгэлийн хуралдаан хийлээ. Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн, үе үеийн, УИХ-ын гишүүнээр Ардчилсан намаас сонгогдон ажиллаж байсан гишүүддээ хүндэтгэл үзүүллээ. Бид түүхээ байгаагаар нь үнэлж цэгнэе. Сайн талыг нь эргэн хэлэлцэж, бахархах ёстой.
Хоёрдугаарт, Засгийн газраас энэ Улс төрийн намын тухай хуулийг яаралтайгаар өргөн барьсан. Энэ хуулийг 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан. Үндсэн хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой. Улс төрийн намуудаас хамаарч төрд хариуцлагын тогтолцоо байхгүй болсон. Энэ бүгдийг залруулах үндэс нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт гэж нэг жилийн өмнө баталсан. Хуулийн хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулъя гэдэг санал тусгасан байна. Энэ дээр ач холбогдол өгч ярилцлаа. Энэ хууль 2023 оны долдугаар сард батлагдаж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан. Улс төрийн намууд бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөхөд хүндрэлтэй байгаа бол нэг, хоёр сараар хойшлуулахгүйгээр хоёр жилээр хойшлуулж байгаа нь ямар учиртай вэ. Энэ дээр хууль санаачлагчид өөрсдөө тайлбарлаж чадахгүй байгаа. Тиймээс гишүүдийн олонх хуулийн хэрэгжих хугацааг сунгах шаардлагагүй гэж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжээгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.