СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-25

Виртуал хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар санал солилцлоо

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 цагийн өмнө

УИХ-ын даргын захирамжаар Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ажиллаж байгаа билээ.

Уг ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулан виртуал хөрөнгө, криптовалютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Хуралд Санхүүгийн зохицуулах хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргил “Виртуал хөрөнгийн зах зээл: Өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж холбогдох журам, зааврыг баталж, үр дүнтэй хяналт, зохицуулалтын орчныг бүрдүүлж, ФАТФ-ын Техникийн зөвлөмж 15 (Шинэ технологи)-ийг хангаж ажиллаж байна хэмээлээ. Виртуал хөрөнгийн салбарын зохицуулалт Монгол Улсад төдийгүй дэлхий даяар шинэлэг хэвээр байгаа ба техник технологийн хурдацтай шинэчлэлийг дагаж, шинэ сорилтууд учирсаар байгааг тодотгоод, энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн салбарын оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, тус зах зээл дэх хууль бус хөрөнгийн урсгалд хяналт тавих, илрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оноос хэрэгжүүлж буй бөгөөд шинэ хууль батлагдахаас өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 24 байсан бол өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэлээ.

Монголын биржүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Э.Төртогтох “Виртуал хөрөнгийн зах зээл: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр мэдээлэл танилцууллаа. Тэрбээр, эдүгээ виртуал хөрөнгийн олон төрөл, хэлбэр бий болсон бөгөөд криптовалют, дижитал үл хөдлөх хөрөнгө, стэйблкойн, хэрэглээний токен, үнэт цаасны токен, Төв банкны дижитал валют зэргийг дурдаж болно гэлээ. Цаашид Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг шинэчлэхдээ койн, токен, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн уялдаа, харилцан хяналтыг хангах, үл хөдлөх дээр суурилсан токенжуулалтыг ашиглах зэрэг зохицуулалтыг тусгах саналтай байгаагаа тус холбооноос илэрхийлж буйг уламжлав.

Азийн хөгжлийн банкны зөвлөх Д.Билгүүн виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын чиг хандлагын талаар танилцуулахдаа улс орнуудын 10 хувь нь виртуал хөрөнгийн зохицуулалттай байдаг бол 40 хувь нь бэлтгэлийн шатанд, 50 хувь нь огт зохицуулалтгүй байгааг онцлов.

Ийнхүү ажлын хэсгийн хуралд оролцсон байгууллагуудын төлөөлөл үйл ажиллагаандаа учирч буй сорилт хүндрэл, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцов. Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд ажлын хэсгийг “Криптовалюттай холбоотой” хэмээн нэрлэсэн нь хязгаарлагдмал учир “Виртуал хөрөнгөтэй холбоотой” хэмээн тодотгон өөрчлөхөөр болсныг дурдлаа.

Ажлын хэсэг виртуал хөрөнгийн зах зээлийг нарийвчлан судалж ажиллах юм.

Энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Э.Батшугар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.