Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоргийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор тус тус хэлэлцэж, дэмжээд байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд хоригтой холбоотойгоор Сангийн сайдаас асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороод хүлээж авсанд талархаж байна. Яагаад ийм нөхцөл байдал үүсчихэв гэдгийг бодож үзэх ёстой. Ядуурал буураагүй байна. Төрийн зардал хэдэн их наядаар нэмэгдэж байхад иргэдийн орлого өсөхгүй байгаа учраас олон нийт дургүйцэж байгаа. Төрийн өмчийн компаниудын зардал нь хэд дахин өссөн ч, иргэдийн орлого нэмэгдэхгүй байгаад ард түмэн дургүйцэж байна. Хоригийг хүлээж авах юм байна гэж ойлгож байна. Цаашид төсөв 30 хувь өсдөг байж болох юм уу. Энэ буруу тогтолцоо дахиж гарахгүй байхыг яаж хуулиар зохицуулах юм.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Наймдугаар сард 2028 он хүртлэх Засгийн газрын төлөвлөгөөтэй зэрэгцээд Засгийн газрын 2024 оны төсвийн тодотгол өргөн баригдсан. Төсвийн тодотголыг УИХ хэлэлцээд баталсан. Үүнтэй зэрэгцээд 2025 оны Засгийн газрын төлөвлөгөө, төсөв өргөн баригдсан. Энэ төсвийн гол үзэл баримлал бол макро эдийн засгийн өсөлтийг бий болгох, ингэхдээ бүсчилсэн хөгжилтэй уялдсан.
Төсвийн урсгал зардал 3.5 их наядаас нэмэгдсэнийг задлаад харах юм бол маш тодорхой зүйлүүд байгаа. Үнийн өсөлттэй зүйлүүд байна. Үйл ажиллагаа өргөжсөн, тэлсэн зүйлүүд байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ойрын тавьсан томоохон зорилтууд дээрээ хүрье гэдэг зорилт тавьсан. Ерөнхийлөгчийн хориг дээрээс харвал гадаад нөхцөл байдалд өөрчлөлт орохоор байна. Тиймээс томоохон зорилт руугаа яаралтгүй байна. Эдгээр эрсдлийг тооцож, макро төслүүдээ алгуурхан хэрэгжүүлэх шаардлага тавьж байна гэж бид харж байгаа.
-УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Сангийн сайд төсвөө 30 хувь нэмжихээд Ерөнхийлөгч хориг тавьчихаар зөв зүйтэй боллоо гэж байна. Төсвийн тогтвортой байдлын хуулиа зөрчиж, төсвөө нэмчихээд, эргээд ерөнхийлөгчийн хоригийг зөв гээд 180 градус өөр юм яриад сууж байгаа нь ямар учиртай вэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.