СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-22

Монголын зургаан хэвлэл Олон улсын сангийн төсөлд хамрагдлаа

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

IFPIM буюу "Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан" Монгол Улс дахь бие даасан сэтгүүл зүйн хараат бус, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв НҮТББ болон дэлхийд тэргүүлэгч дижитал хөгжлийн зөвлөх "Financial Times Strategies" компанитай хамтран "IFPIM Монгол-2023" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сэтгүүл зүйн үр нөлөөгөө нэмэхэд шаардлагатай нөөц, стратеги, арга зүйгээр хангах зорилготой ажээ. Нийгмийн янз бүрийн төлөөллийн мэдээллийн хэрэгцээг хангах, тэдний дуу хоолой болох байдал, редакцын бодлогын хэрэгжилт гэсэн шалгуурыг хангасан Монгол Улсын зургаан хэвлэл мэдээллийн байгууллага энэ хөтөлбөрт шалгарсан байна.

Үүнд Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин, I-Toim.mn, Lemon Press Dijital, NTV телевиз, Gereg&UB.Life, Graph.mn шалгарч Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв болон Financial Times Strategies компанийн хамтарсан стратеги төлөвлөлтийн сургалтад хамрагдаж, цаашдын стратеги, зорилтуудаа тодорхойлсон байна.

Хөтөлбөрт тэнцсэн байгууллагууд гурван жилийн хугацаанд стратегийн зорилгодоо хүрэхэд шаардлагатай санхүүгийн болон менежментийн дэмжлэгийг Олон улсын сан, Үүр төв, Financial Times Strategies компаниас авах ажээ. 

Нийтийн эрх ашгийн төлөөх Олон улсын сангийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Айрин Жэй Лью "Монголчуудын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийг хүлээн авах хандлагыг сайжруулах чухал алхам боллоо. Хэвлэл мэдээлэл бол маш нарийн ур чадвр шаардсан салбар. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага зах зээлийн жамаараа хөгжих ёстой. Тэгж байж цөөн хэдэн этгээдэд бус, зорилтот хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахаар зүтгэж, нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлнэ. Салбарын хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий энэ үйл хэргийн нэг хэсэг болж буйдаа бид үнэхээр баяртай байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад үйл ажиллагаагаа улам нягтруулах дохио болж шинэ стандарт тогтооно гэж найдаж байна" гэв.

Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв НҮТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Б.Дуламхорлоо "Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих Олон улсын сан болон Үүр төвтэй хамтран ажиллах болсон нь Financial Times Strategies компанийн хувьд бахархалтай хэрэг. Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн бие даасан, тогтвортой байдлыг бэхжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд эдгээр байгууллагын гурван жилийн стратеги төлөвлөгөөг хамтдаа тодорхойлоход их урам зориг авлаа. Олон улсын сангийн энэ үнэ цэнтэй санхүүжилт салбарын экосистемд хэрхэн нөлөөлөх бол гэдэгт маш их догдлол, хүлээлттэй байна" гэж байлаа.

Мөн энэ үеэр шалгарсан зургаан байгууллага өөрсдийн хийсэн ажлын талаар танилцуулсан юм. 

Олон улсын сан

IFPIM буюу Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих Олон улсын сан нь бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүгийн хатыг бэхжүүлж, сэтгүүл зүйн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй анхны, олон оролцогчийг хамруулсан санаачилга юм. Зөвхөн байгууллагын түвшний дэмжлэгээс гадна хэвлэл мэдээллийн салбарын түвшинд ач холбогдолтой шинэ туршилт, санаачилгуудыг дэмждэг. Сан нь санхүүжилт олгож буй байгууллагуудтайгаа нягт харилцаатай байж, нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн байгууллагуудад тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга замыг эрэн хайж, хөгжүүлэхэд ажиллаж, санхүүгийн чадамжийг дэмжихэд анхаардаг. 2023-2025 оны хооронд хэрэгжүүлж буй эхний шатны хөтөлбөрт Монголоос гадна 38 орны хэвлэл мэдээллийн байгууллага хамрагдах боломжтой юм байна. 

Үүр төв

Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв НҮТББ нь бие даасан, хараат бус сэтгүүл зүйг дэмжиж, мэдээллийн урсгалыг төрөлжүүлэх, хуурамч мэдээллийг бууруулахад, дотоодын бусад иргэний нийгмийн байгууллагатай хамтран, харилцан дэмжиж ажилладаг байна. Редакц болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад менежментийн зөвлөх үйлчилгээ, олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай холбох хэлбэрээр хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой байдлыг дэмжиж, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой төрийн бус байгууллага юм.

Financial Times Strategies компани

Financial Times сонины дижитал хөгжил хариуцсан зөвлөх үйлчилгээний компани юм. Үйлчлүүлэгч байгууллагуудынхаа бизнесийг шинэ шатанд хүргэх чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцаж байна. Financial Times сонин дижитал шилжилтийг амжилттай хийсэн туршлагад үндэслэн, тогтвортой хөгжлийн стратегийг медиа бизнесүүдэд санал болгодог. Уншигчдаасаа орлого бүрдүүлэх, хэрэглэгчидтэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлэх, дата шинжилгээ хийх, дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхээр бизнесүүдэд ирээдүйн баталгаагаа хангах, эдийн засгийн дижитал эринд цойлох, амжилтад хүрэхэд мэдлэг, туршлагаа хуваалцаж буй зөвлөх үйлчилгээний компани юм. 

Р.Оюун, Л.Номингэрэл

Эх сурвалж www.zms.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.