ЖДҮХС-гийн төсөв маань Засгийн газрын үнэт цаас, улсын төсвөөс бүрддэг ба нийт 569 тэрбум төгрөгийг зарцуулжээ
Авлигатай тэмцэх газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-Асуудал ба шийдэл хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж өндөрлөлөө. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр ЖДҮХС-гийг цаашид явуулахаар бол хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох, дан ганц Засгийн газрын шийдвэрээр бус төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгч, танхимын төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Тус сангийн зээлийг цаашид банкаар дамжуулах сангаар дамжуулан олгох эсэх дээр оролцогчдын байр суурь хуваагдсан юм. Банкаар дамжуулснаар эрсдэл үүсэхгүйгээс гадна, эргэн төлөлтийн хувь нэмэгдэнэ хэмээн үзэж байлаа.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр гол илтгэл тавьсан хүмүүсийг яриаг товчлон хүргэе.
-Засгийн газрын Тусгай сангийн хуулиар хуульчилсан 29 тусгай сан байна. ЖДҮХС-тай ойролцоо таван сан байгаа юм. Дээрх 29 сангийн 11 сан улсын төсвөөс санхүүждэг бол улсаас мөнгө авалгүй санхүүжилтээ шийддэг сан ч байна. Засгийн газрын тусгай сангуудад Үндэсний аудитын газраас хяналт тавьж ажилдаг. Сангийн яамны зүгээс бас дотоод хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэдэг.
ЖДҮХС-гийн төсөв маань Засгийн газрын үнэт цаас, улсын төсвөөс бүрддэг ба нийт 569 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүний 130.9 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан. Харин 190 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай байна.
ЖДҮХС-гийн хувьд журмаа зөрчиж, сонгон шалгаруулалтгүй зээл олгодог, эргэн төлөлтийн эрсдэлийг тооцдоггүй, тухайн төсөл хэрэгжих эсэх тодорхойгүй газарт зээл олгосон, өр авлагын барагдуулалт хангалтгүй, зээлийн гэрээний хяналт тогтолцоо сул зэрэг дутагдлууд байгаа юм. Тус сангийн зээлийг ХХААХҮЯ-ны сан болон арилжааны банкаар дамжуулан олгож байна.
ЖДҮ-ийн дэмжих санхүүжилт: Цаашид авах арга хэмжээ
-Зээлийн нөхцөл, шалгуур, журмыг ил тод нээлттэй болгож, санхүүжилтийг тогтолцоог сайжруулах
-Арилжааны банкаар дамжуулснаар эрсдэл буурна
-ЖДҮХС нь төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл оролцсон төлөөллийн удирдлагатай хамтарсан шийдвэр гаргадаг байх
Сангийн яамны зүгээс Засгийн газрын 29 тусгай санд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа ба ирэх онд дуусах юм. Уг шалгалтын дүгнэлтээр цаашид төр ийм тусгай сантай байх хэрэгтэй эсэх, алийг нь татан буулгах талаар шийднэ.
Нийт үйлдвэрлэгчийн 12 хувь л ЖДҮХС-гаас зээл авч чаджээ. Тэд 100 хүртэл сая төгрөгийн санхүүжилт хүсдэг
-Монголбанк сүүлийн долоон жилийн хугацаанд энэ судалгааг хийж байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард хийгдсэн судалгааны дүнг хүргэж байна. Улсын хэмжээнд нийт 75796 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Монголбанк түүврийн аргаар 1922 аж ахуйн нэгжээс судалгаа авсан. Нийт үйлдвэрлэгчийн 12 хувь л ЖДҮХС-гаас зээл авч чаджээ. Тэд 100 хүртэл сая төгрөгийн санхүүжилт хүсдэг.
Судалгааны үеэр бизнесийн орчин ямар байна вэ гэхэд зээлийн хугацаа, зээлийн хүү, улс төрийн байдал, хээл хахууль, зээлийн шимтгэл хураамжийн дарамт үзүүлдэг хэмээн хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн 94 хувь нь 500 сая хүртэлх борлуултын орлоготой. Ер нь аж ахуйн нэгжүүдийн хувьд банкнаас зээл авсан мөнгөөрөө эргэлтэндээ зарцуулдаг гэсэн юм.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд цаашид төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлэх, авлигыг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн.
ЖДҮХС-гаас нийт 7536 зээлдэгчдэд 835,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон ба 5573 зээлдэгч 561,0 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна
-ЖДҮХС-гаас нийт 7536 зээлдэгчдэд 835,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон ба 5573 зээлдэгч 561,0 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. ЗБДС-гаар дамжуулан 658 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 78,9 тэрбум төгрөгийн батлан даалтын үйлчилгээ үзүүлсэн. Хас лизинг, NVC лизингийн компанитай хамтран 3,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 58 төсөлд дэмжлэг үзүүлсэн. ЖДҮХС-гаас шууд олгосон зээлэнд 25 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 9.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг Зээлийн эрсдлийн даатгалд хамруулсан. ЖДҮХС-гаас шууд олгосон зээлэнд 25 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 9.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг Зээлийн эрсдлийн даатгалд хамруулсан.
ЖДҮХС-д нийт 569,8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Үүний 130,9 тэрбум төгрөг нь улсын төсөв, 438,9 тэрбум төгрөг нь ЗГ-ын бонд, Хөгжлийн банкны эх үүсвэр.
ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарч байна вэ гэхээр Бидний татварын мөнгөнөөс
-Хамгийн түрүүнд нийгэмд тархаад буй ЖДҮХС-тай холбоотой асуудал нь одоогийн төр засгийн үед бий болоогүй. МАН, АН-ын Засгийн газрын үед байсан зүйл юм. ХХААХҮ-ийн сайд бүх асуудлыг ганцаараа шийддэг болсон нь маш том гажуудал. Хяналтыг хүртэл өөрөө хариуцсан. ЖДҮХС-гийн зээл олголтыг шийддэг, долоон гишүүнтэй хороо байгуулжээ. Тэднийг мөн л Засгийн газар баталж, төрийн байгууллагын 6 хүн, ганцхан ТББ-ын төлөөлөл оруулсан. Тэр ТББ-ыг нь хэн ч мэддэггүй, танихгүй. Уг нь бизнес эрхлэгчдийн хамгийн том төлөөлөл нь МҮХАҮТ.
ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарч байна вэ гэхээр Бидний татварын мөнгөнөөс. Монголын ЗТ-т төгрөгөөр 3 хувийн хүүтэй зээл өгдөг улс орон гэж байхгүй.
Манай танхимаас зээлийн хүртээмжийн талаар судалгаа явуулахад 73 хувь нь ЖДҮХС-нд хамрагдаж чадаагүй, 14 хувь нь хамрагдсан хэмээн хариулсан. Аж ахуйн нэгжүүдийн хувьд хөтөлбөр, сангийн мэдээлэл байдаггүй гэсэн ба цаашид олон нийтэд уг мэдээллийг түгээх ёстой хэмээн үзэж байна. Сангийн төлөөлөн удирдах зөвлөлд хувийн хэвшлээс 6, төрөөс 3 төлөлөл байх ёстой. Ингэснээр бодлогын хэрэгжилт зөв явах юм. Хяналтыг Засгийн газар биш хөндлөгийн хяналтын байгууллагаар хянуулах хэрэгтэй. Цаашид сангийн мөнгийг банкаар дамжуулан олгох ёстой.
Сангаас 2018 оны 05-р сард шалгаруулсан 134 компани, иргэний 122 нь ашиг сонирхлын зөрчилтэй, цаанаасаа захиалгатай байсан талаар ярьсан
-ЖДҮ эрхлэгчдийн шүүмжлэлийн дийлэнх нь ХХААХҮЯ-ны ЖДҮХС-аас олгож буй нэн хөнгөлөлттэй зээл эзэндээ очихгүй байгаа, УИХ болон Засгийн газрын гишүүдийн өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн компаниуд авч байгаа талаарх байсан. Ялангуяа тус Сангаас 2018 оны 05-р сард шалгаруулсан 134 компани, иргэний 122 нь ашиг сонирхлын зөрчилтэй, цаанаасаа захиалгатай байсан талаар ярьсан. МУ-ын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг боловч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдол биш гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдал болон мэдээлэлд ойр байдагтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна. Эцэст нь хэлэхэд Монгол улсад төрийн бүх шатанд ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс ХАРИУЦЛАГА гэдэг үгийг маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй.
цаашид хариуцах байгууллагын нэгжийг тогтвортой байлгаж, банкаар дамжуулан олгох, хяналтыг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх ёстой
-ЖДҮДС-гаас олгосон зээл /1996-2000/ онд 1.3 тэрбум төгрөгийн зээлийг 53 хүнд өгсөн байгаа юм. Улсын төсвөөс болон гаднын зээлийн эх үүсвэрийг дамжуулан /1991-1998/ онд 156 тэрбум төгрөгийн зээлийг зээлдүүлсэн байгаа юм. Сангийн яамны зүгээс зээлээ эргэн төлөөгүй 14 тэрбум төгрөгийг олж өгнө үү хэмээн хуулийн байгуулагт хандсан байдаг. Гэтэл бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хариуцагч татан буугдсан, дампуурсан, нь нас барсан гэх мэт тохиолдлууд гарсан. Хуулийн хүрээнд ийм эрсдэл үүсдэг тул цаашид хариуцах байгууллагын нэгжийг тогтвортой байлгаж, банкаар дамжуулан олгох, хяналтыг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх ёстой хэмээн үзэж байна.
ЖДҮ эрхлэгч гэж 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орологотой ААН гэж байсан бол одоо 3 ангилаад бичил, жижиг, дунд болгосон
-Шинэчлэн найруулж байгаа хуулийн төсөлд ЖДҮ эрхлэгч гэж 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орологотой ААН гэж байсан бол одоо 3 ангилаад бичил, жижиг, дунд болгосон. Бичил нь 250 сая хүртэл, жижиг бол 500 сая хүртэл, дунд АНН 2.5 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авч болно. Мөн 200 хүртэлх ажилтантай боловч орлого нь давсан бол энэ ангилалд багтахгүй. Бичил болон жижиг ААН зээлээ ЖДҮХС-аас шууд, дунд ААН-үүд банкаар дамжуулж зээлээ авдаг байхыг хуульчилж өгсөн.
Одоо хүчин төгөлдөр хуулинд мөрдөгдөж байгаа ЖДҮХС-ийн зээлийг сайд баталдаг байсныг өөрчилж Засгийн газар батална гэж нэг шат ахиулсан. Төрийн өндөр албан тушаалдтнууд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Нөлөөлж буй тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ. Мэдэгдэхгүй бол хариуцлага хүлээлгэнэ. Тухайн жилийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг ЖДҮХС-д олгодог байна. Үүнийг 2030 он хүртэл байхаар зохицуулсан.
“Их модун” ХХК зээлээ төлөөгүй байхад 2014 онд дахин 385.0 сая төгрөгийн зээлийг олгосон байна
-Санхүүгийн, гүйцэтгэлийн, эрсдлийн аудитыг хийдэг. 2011 ЭЗБХ-ны аудидаас ЖДҮХС-аас өгсөн зарим зээлийг гүйцэтгэлийн бусаар олгосон байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 оны санхүүгийн тайланд сийсэн аудитаар “Эн Ви Си” ХХК-наас хураагдсан 601.0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн авлагад тооцож олгохоор шийдвэрлэсэн ч хөрөнгийг эргэлтийн хөрөнгөнд бүртгээгүй байна. Энэ нь аудитын “Оршин байх” гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна.
2016 оны 12 дугаар сарын А/18 дугаар тушаалаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн барьцаа хөрөнгийг үнэлэх “Үнэлгээний аргачлал”-ыг баталсан байна. Тус “Үнэлгээний аргачлал” нь ямар эрх зүйн актыг үндэслэсэн нь тодорхойгүй, зарим зээлдэгч нарын барьцааны гэрээнд уг аргачлалаар тодорхойлоогүй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, зээлийн дүнгээс доогуур хөрөнгө барьцаалсан, улсын бүртгэлийн ерөнхий газраар баталгаажуулаагүй зарим хөрөнгийн барьцааны гэрээ байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. “Их модун” ХХК-д 2013 онд 620.0 сая төгрөгийн зээлийг олгосон боловч тус компани зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байхад 2014 онд дахин 385.0 сая төгрөгийн зээлийг олгосон байна. Ингэснээр тухайн компанийн зээл найдваргүйд тооцогдож байна.
“Ил тод байдал сан” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнжав “Ил тод байдалд тулгуурласан хяналтын механизмыг бий болгох нь чухал. Ил тод байдал гэдэг нь тийм том асуудал биш. Хамгийн эхлээд зээл хүссэн компаниудын жагсаалтаасаа эхлэх ёстой. Ядаж л ямар ямар материал бүрдсэн гэдгийг нягталж авдаг байх.”
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Үнэнбат “Японы Жайкагийн зээл бол эхлээд оролцогч банкууд дээр өргөдлөө өгдөг. Эрсдлийн хяналт хийгдээд, дэмжигдсэн төсөл нь төслийн удирдах хороонд ирдэг. Тэндээ шүүгдээд батлагдвал санхүүжилт нь хийгддэг. Банк бүх эрсдэлийг хариуцдаг. Тиймээс ЖДҮХСан дээр төсөл хүлээж авдгийг больё.”
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид журмаа зөрчиж зээл олгосон, эргэн төлөлт нь хангалтгүй, хэрэгжих боломжгүй төсөлд зээл олгосон. Өр авлагыг барагдуулах тал дээр хангалтгүй, сонгон шалгаруулалтын талаар мэдээллийн ил тод байдлыг бий болгоогүйгээс өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна. Ингээд хэлэлцүүлгийн үеэр гарсан санал дүгнэлийг холбогдох газруудад уламжлана хэмээн Авлигатай тэмцэх газраас дурдлаа.