Баянзүрх дүүргийн нутаг дахь Цагаан давааны хог устгах, булшлах цэгт олон тооны төрсний гэрчилгээний хавтас хаясан нь уржигдар олон нийтийн сүлжээнд иргэдийн анхааралд өртөв.
Тус цэгт төрсний гэрчилгээний 142 ширхэг хавтас хаясныг өдгөө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрынхан шалгаж буй бөгөөд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Цагаан давааны хогийн цэгээс “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтаснуудыг хураан авч, шинжилгээнд хүргүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих хэн үйлдсэн, ямар санаа зорилготой зэрэг байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Хогийн цэгт хаясан төрсний гэрчилгээний хавтаснуудыг 2020 оноос хойш ашиглахаа больсон аж. 2018 онд уг хавтсыг солих тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байж. 2020 оноос өмнө ашиглаж байсан тэдгээр хавтсыг УБЕГ-ынхан хүлээн авахдаа нэгбүрчлэн шалгаж, наалт, булан нь урагдсан гэх зэрэг шаардлага хангаагүй хэсгийг нь нийлүүлэгч аж ахуйн нэгжид буцаан өгсөн юм байна. Үүнийг нь нийлүүлэгч аж ахуйн нэгж хадгалж байгаад ийнхүү хаясан нь тодорхой болов. Чухам ямар компанийнхан ийм болчимгүй үйлдэл гаргасныг нарийвчлан тогтоохоор цагдаагийнхан шалгаж байгаа аж.
Уг нь холбогдох хууль, журмын дагуу бол хүчингүй болсон, ашиглалтаас гарсан зүйлсийг УБЕГ-ын тусгай комисс булж, шатааж устгадаг юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.