Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьдрал, замналыг өгүүлсэн “Цэндийн Шинэбаяр” хэмээх хөрөг номын нээлт өнөөдөр боллоо.
“Цэндийн Шинэбаяр: Намтар, замнал, үйл хэрэг, үзэл санаа, түүхэн баримт” хөрөг номыг түүний мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан гэр бүл, үр хүүхдүүд нь бичиж хэвлүүлжээ.
Номд Цэндийн Шинэбаяр агсны эрчим хүчний салбарын инженерээс Улсын Их Хурлын гишүүн хүртэлх амьдралын түүхийг он цагийн дарааллаар өгүүлсэн байна. Мөн түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн дурсамж, хэвлэлд өгсөн ярилцлага болон хэлсэн үгээр нь ишлэл түүвэрлэн багтаажээ. Цэндийн Шинэбаяр агсан Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын дарга, үндэсний үйлдвэрлэгч “Найнги” компанийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын шилдэг татвар төлөгч, Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 58 насандаа өвчний улмаас таалал төгссөн юм.
Номын хуримыг нээж Цэндийн Шинэбаяр агсны хүү, УИХ-ын гишүүн Шинэбаярын Бямбасүрэн “Аавынхаа богинохон амьдралдаа туулсан баялаг намтар, бардам замнал, бахархам үйл хэрэг, баларч үл арилах үзэл санааг үе үеийн эх орончдын түүхэнд баринтаглан нэмлээ. Миний аав Цэндийн Шинэбаяр буруутай этгээдийн өмнө үл эмээгч, буурай ядуугийн өмнө үл эрдэгч, шударга ёсны харуул, энх цагийн эх оронч байлаа. Ийм аавын хүү болж төрснөөрөө үргэлж бахархаж явдаг” гэж хэлэв.
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын хуримд түүний гэр бүлийнхэн болон найз нөхөд, хамтран зүтгэгчид хүрэлцэн ирж, дурсамжаа хуваалцан сэтгэгдлээ илэрхийллээ. “Хүний туулсан амьдрал тухайн цаг хугацааныхаа түүх нь болж үлддэг. Цэндийн Шинэбаяр агсны Монголын төрд үлдээсэн шударга үнэний төлөөх зам мөр, нийгэмд танигдсан үзэл санааг түмэн олонд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ үүднээсээ ач холбогдолтой ном болжээ. Төрд үүрлэсэн хулгайчдыг илчилж, эрх баригчдыг айлгүй шүүмжилж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж явсан Шинэбаяр шиг улстөрчид өнөө цагт цэвэр агаар мэт дутагдаж байгаа”-г тэд хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.