Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос нийслэлд улсын дугаар олгохыг хязгаарлаж буйг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Эко автомашины импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав:
-Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоох шийдвэр арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү шийдвэрийн хүрээнд импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгоход хязгаарлалт хийсэн. Монгол Улсын иргэн өмчтэй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байсан тул хэсэг иргэний төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үүнээс үүдэн уг шийдвэрийг зөв, буруу хэмээн олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг үүсээд байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-ын анхдугаар чуулганд мэдээлэл өгөхдөө бизнес эрхлэгчдийг ёс бусаар хэлж, гүтгэсэнд гомдолтой байна.
Сонгууль дуусаад маргааш нь та нар "Май шүү" гээд байгаа юм уу. Би хотын иргэн. Хотын дарга бол аав нь л гэсэн үг. Нийслэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга, өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн. Автомашин худалдан борлуулж байгаа иргэдийг бүдүүлэг үг хэллэгээр доромжилсонд харамсаж байна. Бид Монгол Улсад хууль ёсны дагуу албан ёсоор татвараа төлөөд эрэлт, нийлүүлэлт дээрээ тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг.
Хэрэв Х.Нямбаатар дарга хэлсэн үг үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй бол Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргаж, шүүхэд хандах болно.
Юуны өмнө, бид түгжрэлийг шийдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлье. Х.Нямбаатарыг ард иргэдээ ажил мэргэжил, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон тус үйлдэлдээ уучлал гуйхыг шаардаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.