СОРОГЖООГИЙН ГОМБО
/1957-2024/
Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академийн ахмад багш, бэлтгэл хурандаа С.Гомбо нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
С.Гомбо нь 1957 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн бөгөөд Увс аймгийн нэгдүгээр сургуулийг 1967-1977, НАХЯ-ны цэргийн тусгай дунд сургуулийг 1977-1978, ЗХУ-ын УАХХ-ны дээд сургуулийг 1978-1984, НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг 1984-1988 онуудад тус тус суралцаж төгссөн.
Тэрээр 1986-1990 онд Дорнод аймаг дахь НАХГ-т төлөөлөгч, ахлах ажилтнаар, 1991-1994 онд Увс аймаг дахь НАХГ-т ахлах ажилтан, даргын үүрэг гүйцэтгэгчээр, 1994-2001 онд Увс аймаг дахь Хилийн хороонд орлогч болон албаны даргаар, 2001-2008 онд ТЕГ-ын Өвөрхангай аймаг дахь хэлтсийн даргаар, 2008 оноос Үндэсний тагнуулын академид ахлах багшаар томилогдон ажиллаж байгаад 2014 онд цэргийн тэтгэвэрт гарчээ.
Түүний хариуцаж байсан алба нь байгууллагын хэмжээнд 1995 онд Нэгдүгээр байр, 1997, 1999 онуудад Гуравдугаар байрт шалгарч байсан.
С.Гомбо нь ажиллаж, багшилж байх хугацаандаа “Тагнуулын урлаг”, “Хятадын тагнуул” орчуулгын ном, “Гүйцэтгэх ажлын эрх зүйн орчны зарим асуудал” илтгэл, “Монгол Улс дахь далд эдийн засгийн онцлогууд, түүний хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүд”, “Аж ахуйн нэгж, байгууллагын аюулгүй байдал”, Тусгаар тогтнол сэтгүүлд “Хувийн мөрдөх ажиллагаа гадаад орон болон манай улсад” гэх мэт 10 гаруй ном, өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлийг туурвин эмхэтгэн гаргажээ.
Түүний улс эх орондоо оруулсан хувь нэмэр, байгуулсан гавьяаг төр засгаас үнэлж “Цэргийн гавьяаны одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Дайчин алдар-II ”, “Тагнуулын албаны алдар-I ”, Онц хилчин зэрэг одон медалаар шагнасан.
Талийгаачийн хийж бүтээсэн үйл хэрэг, бүтээл туурвил болон хүнлэг, хөдөлмөрч хичээнгүй, чин шударга, нягт нямбай зан чанар, гэр бүл болон хамт олондоо түшигтэй, үлгэр жишээ, элэгсэг дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, ХАМТ ОЛОН,
ҮЕ ҮЕИЙН ШАВЬ НАРТ НЬ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
ТЕГ-ЫН ТАМГЫН ГАЗАР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.