Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн дарга Д.Баярмандахыг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд АТГ-ын мөрдөгчид БНСУ-д очиж, дээрх байгууллагын үйл ажиллагааг нь шалгаж эхэлснийг тус улс дахь эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй аж.
БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар 2022 оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн байдаг. Чөлөөлөгдсөн 11 хүний дунд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бус хүнийг сайдынх нь шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч нутаг буцжээ. Харин ажлаа хийгээгүй дөрвөн хүний нэр дээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах цалин бодож, 2022 оны 4-6 сарын цалинг авсан нь тогтоогдсон юм. БНСУ-д ажилласан ХНХЯ-ны ажлын хэсгийнхэн “ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны цалин, урамшууллыг ажилласан мэтээр бодож 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд гурван сая, дөрөвдүгээр сарын 22-нд хоёр сая, дөрөвдүгээр сарын 26-нд 8.4 сая, зургаадугаар сарын 15-нд 5.6 сая вон авч завшсан гэх асуудлыг шалгахад хувийн дансандаа дөрөвдүгээр сард гурван удаагийн гүйлгээгээр 13.4 сая вон буюу тухайн үеийн ханшаар 33.4 сая орчим төгрөг, зургаадугаар сард 13.6 сая төгрөгтэй тэнцэх 5.6 сая вон шилжүүлэн авсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1 дэх хэсгийн “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана” гэсэн заалт болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчжээ” хэмээн дүгнэсэн аж.
Мөн гар утасны төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлснийг ч холбогдох байгууллагынхан дүгнэснээс үүдэн ийнхүү Д.Баярмандахыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.