Улаанбаатар хотноо "Хятад орныг танин мэдэх нь" Өвөр Монголын соёлын өдрүүд эхэллээ. Соёлын өдрийн нээлт өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 3-ний өдөр Монголын Театрын Музейд хүүхдийн уран зохиол "Өсөхийн урт аян" номын нээлтээр эхэллээ.
Нээлтэд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн О.Сундуй болон хоёр улсын хүндтэй зохиолчид оролцож, нээлтэд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад номын дээжээс бэлэглэлээ. Мөн нээлтийн үеэр Хятадын ном уншлагын танхимыг Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгуулахаар болсон талаараа хуваалцсан нь олон хүнээс сайшаал хүртсэн юм.
Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулж буй "Хятад орныг танин мэдэх нь" Өвөр Монголын соёлын өдрүүд дөрөв хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд "Хятадыг танин мэдэх нь" Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Шаолины үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно.
Мөн монгол анагаах ухааны Өвөр Монгол эмч нарын үзлэг, эмчилгээг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зохион байгуулах юм байна. Харин "Тэнгис” кино театрт "Хятадын кино өдрүүд" болж, үзэгчдэд онц сонирхолтой киног үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.