Монгол Улс дотооддоо олон амтай байж болох ч гадаад харилцааны тал дээр ганц “ам”-тай байх учиртай. Тэгээгүйгээс олон жилийн турш, цөөнгүй асуудал дээр улс орны нэр хүнд, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсаж ирсэн. Үүнийг харуулсан нэг үйл явдал ойрд үргэлжилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Шанхай хотод энэ сарын 5-нд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Үүнтэй холбоотойгоор уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Чайна энержи” групп Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд хамтын ажиллагааны саналаа албан бичгээр ирүүлсэн.
Түүндээ “…2003 оноос эхлээд Монгол Улстай Тавантолгой уурхайн төслийг “гурван цогцоор хэрэгжүүлэх”-ээр 21 жилийн турш хэлэлцээр хийж байна. 2005 онд Монгол Улсын Засгийн газар болон аж ахуйн нэгжтэй хэлэлцэж, Гашуунсухайт төмөр замын маршрутын төлөвлөгөөг баталсан. 2009 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт нэгдсэн төлөвлөгөөг бизнесийн хамтын ажиллагааны саналын хамт хүргүүлсэн. 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан, Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан. 2015 оны нэгдүгээр сард Гашуунсухайт төмөр замыг 7.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан. Гэвч Монголын тал төмөр замаа барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай барихаар шийдсэн. Ингээд төсөл зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум гаруй юанийн алдагдалд орсон. Одоо Хятад руу өргөн царигаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой боомтын бүтээн байгуулалтыг өөрчлөх төслүүдэд 4.1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт шаардагдана” гэсэн.
Мөн “…Гомдол гаргах хуулийн арга хэмжээг өнөөг хүртэл аваагүй болно” гээд “…Танай УИХ нэгдсэн ойлголтод хүрч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ялангуяа нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал”, “…Хоёр талын байгуулах нүүрсний худалдааны гэрээнд “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ”-ийн үнэ тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй.
Энэхүү гэрээний дагуу Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран уг механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй”, “…Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна.
Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна”, “…“Чайна энержи” групп Тавантолгой нүүрсний ордыг эзэмших эрх, хувь эзэмших болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал гаргах боломжгүй болсон”, “…Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнд оруулсан.
Бүтээн байгуулалтын дараа дотоодын нүүрс тээвэрлэлтийн тогтвортой байлгах урьтач нөхцөлийг бий болгож, тээвэрлэх хүчин чадал, урсгалыг үндэслэн худалдааны бусад бизнесийн хэрэгцээг хангахад хүчин чармайлт гаргана” гэжээ. Эцэст нь “…Монголын тал “гурван цогцоор хэрэгжүүлэх” хамтын ажиллагааг урагшлуулахыг дэмжинэ гэдэгт найдаж байна.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Чайна энержи” групп өнгөрсөн хугацаанд учруулсан бодит хохирол болоод холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй” гэсэн байна.
Энэхүү санал бүхий албан бичигт “...2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан, Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан” гэдгийг маш тодорхой бичжээ
Тэдний хувьд өнгөрсөн 21 жилийн туршид хийсэн хэлэлцээнээс хамгийн өндөр анхаарч буй нь энэ аж.
Яагаад гэхээр 2014 оны наймдугаар сарын 21, 22-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчилсан. Тэр үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнтэй ганцаарчилсан уулзалт хийхдээ ч ярьж тохироод уг гэрээг байгуулсан байдаг. Гэвч энэ нь хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн.
Ши Жиньпиний энэ айлчлалын 10 жилийн ой энэ онд тохиосон. Тиймээс Монгол Улсад айлчлахыг манай талаас тавьсаар байсан ч ирээгүй юм. Учир нь 2014 онд айлчлахдаа гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү Үндсэн гэрээ хэрэгжээгүй, мөн X Богдын асуудал зэрэгт тааламжгүй байгаагаа илэрхийлж айлчлахаас татгалзжээ.
Гэхдээ сая Шанхай хотноо Ерөнхий сайдыг айлчлахад уг асуудлаар дахин хэлэлцээр байгуулж, “...Үүнийг хэрэгжүүлэх бол шуурхайлъя” гэсэн агуулгаар санал ирүүлсэн нь энэ юм байна.
Тэднийхээс ирүүлсэн санал нь үндсэндээ 10 жилийн өмнөх хоёр улсын Ерөнхийлөгчийн тохироог сануулсан явдал болжээ.
Тэгэхэд байгуулсан “Шеньхуа Групп Корпораци Лимитед”, “Гашуунсухайт Төмөр Зам” ХХК, “Хятадын Хөгжлийн банк” корпораци хоорондын Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт “…Хамтын ажиллагааны хамрах хүрээ “Жи-Эс-Ар” нь Ганцмод-Гашуунсухайт боомтыг холбосон стандарт цариг (1435мм)-тай ачааны төмөр замын төслийг хөгжүүлэх үүрэг хүлээнэ.
“Шеньхуа” нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд төслийг аль болох хурдан хэрэгжүүлж дуусгах үүднээс “Жи-Эс-Ар”-тай идэвх санаачилгатай хамтран ажиллана.
Хятадын Хөгжлийн банк нь бүх Талууд зээл авахыг харилцан зөвшөөрч, Хятадын Хөгжлийн банкны Зээлийн Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр арилжааны зарчимд суурилсан нийт 150 сая ам.доллараас хэтрэхгүй дүнтэй зээлийг олгоход бэлэн” гэсэн үндсэн тохироонд хүрээд байжээ.
Гэвч үүнийг тухайн үеийн УИХ унагасан. Х.Баттулга “…Танк орж ирнэ” гэж айлгаад зогсоосон байдаг.
Улмаар Ерөнхийлөгч болсон хойноо, 2019 онд “…Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон” гээд 178 хуудас материал бариад УЕПГ-т очиж байсан юм.
Түүний дараа Ц.Элбэгдорж “…Миний ганцхан барьдаг зарчим байгаа. Энэ хар нүүрсийг авдаг орон байвал шууд өгч байх хэрэгтэй. Х.Баттулга чинь их аюултай хүн байхгүй юу. Өөрийнхөө хулгайд хамтрагч болгоод татдаг. УИХ дээр зогсоосон гээд л байдаг. Тэр бол гавьяа биш. Тэр бол Монголыг хорлосон хорлол. Одоо Монголд дахиад тийм боломж ирэхгүй. Түүнийг зогсоосноор Хятад руу экспортолдог Оросын нүүрсний экспорт л өссөн. Х.Баттулга бол тэнд шороо овоолж хаяад овоолсон шорооноосоо мөнгө хулгайлсан юм. Тэгтэл Монгол хохирсон юм. Тавантолгой зогссоноос хэн хожсон юм бэ. Х.Баттулга л хожсон. Би нүүрэн дээр нь “…Энэ хулгайгаа боль” гээд өрөөндөө дуудаж оруулж ирээд хэлсэн” гэж хэвлэлд ярьсан байдаг.
Энэ мэтээр манайд Тавантолгой тойрсон дотоод дажин үргэлжилсэн. Үр дүн нь өнөөдөр “Чайна энержи” групп “…Бид 16 жил хохирсон. 10-аад тэрбум юанийн хохирол амссан. Одоо харилцан ойлголцоод гэрээ байгуулаад явбал хохирлыг нэхэмжлэхгүй” гэсэн санал тавиад байж байна.
Өөрөөр хэлбэл, тэд саналаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын 10 жилийн өмнөх тохироог сануулжээ7
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
jenco mongoliig yaluulaad bgaa tsarai ni
Ichmeer muuhai humuus shuu mongolchuud bidnar.