Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан төлөөлөгч нар санал гаргасны дагуу НИТХ-ын зөвлөл, болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцэж байна. Хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн 84.2% саналаар дэмжиж Хорооны бүрэлдэхүүн болон дарга нарыг томиллоо.
НИТХ дараах зургаан хороо болон томилогдсон дарга нарын товч танилцуулгыг хүргэж байна.
1.Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа
Эрх зүйч мэргэжилтэй. Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Засаг дарга, дүүргийн ИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа анхан шатнаас шатлан дэвшиж буй туршлагатай төлөөлөгч юм.
2.Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул
Улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
3.Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн
Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч, Нийслэлийн ИТХ-д хоёр дахь удаа сонгогдож буй төрийн албаны туршлагатай төлөөлөгч юм.
4.Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа
Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Татварын ерөнхий газар мэргэжилтнээс БЗД-ийн Татварын хэлтсийн дэд дарга хүртэл ажилласан, ЗТХЯ-нд ахлах мэргэжилтнээр ажилласан туршлагатай.
5.Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан
Германы Хумболдын их сургуулийг төгссөн. Гаалийн ерөнхий газар мэргэжилтнээс Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, ХУД-ийн Засаг даргын орлогч, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, даргаар ажилласан туршлагатай.
6.Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа
Багш, улс төр судлаач мэргэжилтэй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д хараат бус ТУЗ-ийн гишүүн, БГД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.