Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр гал түймэрт өртсөн.
Энэхүү галын аюулаар Монголын дүрслэх урлагийн сор болсон 1000 орчим бүтээлүүд өртсөн харамсалтай үйл явдал болсон юм. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байсан юм.
Монголын уран зургийн галерей нь Монгол улсын орчин цагийн дүрслэх урлагийн түүчээ болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монголын улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм. Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна англи, монгол болон дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байх юм.
“Соёлын бүтээлч сар” аянтай холбогдуулан “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийн тусгай үзэсгэлэнг 2024 оны арваннэгдүгээр сарын 18-аас арванхоёр дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Зочид уг үзэсгэлэнгээр зочлохдоо http://onelink.to/3ehntm - холбоосоор “AR Mongolia” аппликейшныг татаж, Хосгүй үнэт бүтээлүүдийн дэргэдэх виртуал тайлбарлагч руу камерыг нь чиглүүлэн мэдээлэл авах, мөн галын гэмтэлтэй уран зургуудыг эх бүтээлээр нь сэргээн үзэх боломжтой юм. Уг үзэсгэлэнгийн технологийн хөгжүүлэлт болон контент хөгжүүлэлтийн үйл ажиллагааг AR технологи хөгжүүлэгч компани гүйцэтгэж байна.
Тус үзэсгэлэнд галын гэмтэлтэй 25 уран зураг, хосгүй үнэт таван бүтээл дэглэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цагт Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.