СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-14

Гэр хорооллын иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламжийг санхүүгийн дарамтгүй үзүүлэх UC эмнэлэг хаалгаа нээлээ

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
14 цагийн өмнө

Гэр хорооллын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны болон нарийн мэргэжлийн, яаралтай тусламж үзүүлэх, бүх төрлийн оношилгоо шинжилгээ хийх хүчин чадалтай хувийн эмнэлэг байгуулагджээ.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастын уулзвараас хойш зуслан руу явах зам дагуу байрлах UC эмнэлгийг зорьж очлоо. Гэр хорооллын иргэд гэрт ойроос тусламж авъя гэвэл Өрхийн эмнэлэгтээ л хандана. Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар болохыг иргэд сайн мэдэх билээ. Гэр хорооллын иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх зорилго бүхий энэ эмнэлгийн хаалгаар ороход цэлийсэн саруул танхим, цэмцгэр тав тухтай орчин угтана.

Дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс засал, нүд чих, хамар хоолойн үзлэг болон цусны дэлгэрэнгүй, шээс, биохими, иммунологи, хавдрын маркер, эрдэс, даавар, үе мөч, хеликобактери, үтрээний наац, шимэгч хорхойн зэрэг хотын төвийн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд авдаг бүх шинжилгээг энд авна, яаралтай тусламж үзүүлнэ.

Рентген зураг, зүрх, хэвлий, эмэгтэйчүүдийн ЭХО, ургийн хяналт, зүрх тархины цахилгаан бичлэг, нүдний угийн фото шинжилгээ зэрэг хараа зүйн цогц тусламж үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Хүүхдийн болон насанд хүрэгчдийн өдрийн эмчилгээ цагийн тариа, боолт, уламжлалт эмчилгээ, сэргээн засах, хөдөлгөөн заслыг тоног төхөөрөмж бүхий тасагтай.

Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн 2023, зарим нь 2024 оны хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаас харахад гэр хорооллын иргэдэд чанартай тусламж үзүүлье гэж зорьсон нь илэрхий аж.

Яагаад гэр хороололд гэж?

Улаанбаатар хотын 1.6 сая иргэний тал хувь буюу 786.5 мянган иргэн 201 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Тэр дундаа энэ эмнэлгийн ойролцоох Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 166 мянган хүн амьдарч байна.

Нийслэлийн хэмжээнд хувийн 2485 эмнэлэг байгаагийн 2067 нь хүн амын тал хувь нь оршин суудаг орон сууцны хороолол дунд байршилтай. Хотын төв буюу их тойрууд гэхэд л хувийн хэвшлийн 1210 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эндээс харахад орон сууцанд амьдардаг иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт ойроос авах боломжоор хангагджээ.

Харин гэр хорооллын иргэд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж авахын тулд ямар нэг унаанд сууж, замын түгжрэлд цаг алдана. Гэнэтийн осол боллоо гэхэд захын хорооллоос Гэмтлийн эмнэлэг рүү явах гэж замын түгжрэлд цаг алдана, тэр хэрээр эрүүл мэндэд учирч мэдэх олон эрсдэлээс сэргийлэх боломжийг гэр хорооллын дунд хаалгаа нээсэн UC эмнэлэг олгож байна.

Зусландаа байхдаа юманд цохиулж толгойгоо хагалснаас цус нь олгойдон сандарсан иргэнийг ар гэрийнхэн аваад ороод иржээ. “Энэ түгжрэл дунд яаж Гэмтлийн эмнэлэг хүрнэ ээ” гэж зүрх алдаж явсан тэд замд нь таарсан UC эмнэлэгт ирж, тархиндаа оёдол тавиулаад, чин сэтгэлээсээ талархаад явсан тухай Яаралтай тусламжийн эмч .... ярив.

Эмнэлгийн урдуурх төв зам хурд сааруулагчгүй тул осол гарах эрсдэл ихтэй. Өнгөрсөн намар машины ослоор гэмтсэн хоёр ч хүүхэд яаралтай тусламж авчээ. Энэ мэтээр захын хорооллын иргэд эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгцээ, шаардлагыг хангах эмнэлэг байгуулагдсанд оршин суугчид ам сайтай байна.

“Агшуу медикал” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй UC эмнэлгийг барьж, байгуулах нийгмийн хариуцлагын төслийн удирдагч нь тус эмнэлгийн гүйцэтгэх захирал, гэмтлийн мэс заслын эмч М.Баттүвшин.

Тэрбээр, Орон сууцны болон гэр хорооллын иргэдийн нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар их ялгаатай байна. Манай төрийн бодлого, тогтвортой байдлын зорилт зэрэг бодлогын бичиг баримтуудад хэнийг ч орхигдуулахгүй байх тухай тусгасан. Гэр хороололд тусламж үйлчилгээнээс орхигдсон хүмүүс маш олон байдаг. Тиймээс бид орхигдсон иргэдэд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүй үзүүлэх зорилго тавьсан. Гэр хороололд ч гэсэн хөрөнгө гаргаж, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгслээр хангагдсан эмнэлэг байгуулахыг зорьж, манай хамт олон хичээж ажиллаж байгаа” гэв.

“НҮБ-ын гишүүн орнууд 2018 оны аравдугаар сард Казахстан улсын Астана хотод “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын хурлаар Астанагийн тунхаглалыг баталсан. Энэ тунхаглалаар бүх нийтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах үндэс нь “эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ” болохыг улс орнууд санал нэгтэйгээр баталгаажуулсан юм. Хүн бүр хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамаарч, санхүүгийн хүндрэлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангагдсан байхыг Бүх нийтийн эрүүл мэндийн тусламжид хамруулах Астанагийн тунхаглалд тусгасан байдаг.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ”Алсын хараа-2050”, Тогтвортой хөгжлийн зорилго болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг бодлогын бүр бичиг баримтуудад иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн амын нягтрал, газар зүйн байршил, хүн ам зүйн бүтэц, өвчлөл, шилжилт хөдөлгөөн, хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулан төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд ачааллыг тэнцүүлж, хүн амд чанартай, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүй үзүүлэх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг дэмжинэ гэж заажээ.

Мөн “20 минутын хот” концепц тэгш байдал, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилт зэрэг бодлогуудтай UC эмнэлгийн бодлого, алсын хараатай яв цав нийцжээ.

Эднийх хаалгаа нээснээс хойш 14 хоногийн турш иргэдэд үнэ төлбөргүй тусламж үзүүлжээ. Үнэ төлбөргүй байх үед өдөрт 200-гаад хүн хандаж байсан бол багахан төлбөр аваад эхэлмэгц үзүүлэх хүний тоо эрс буурчээ. Хотын төвийн эмнэлгээс 2-3 дахин хямд төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд ирэх хүн цөөрсөн нь тусламж авах хэрэгцээ байгаа ч ойр хавийн оршин суугчдын төлбөрийн чадвар тааруу байгаатай холбоотой.

Тиймээс цаашид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сонгон шалгаруулалтад орж, эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр нэмэлт төлбөр төлөхгүй даатгалаараа үзүүлэх, даатгалын тарифаар ажиллаж болох юм байна гэдгийг харуулах зорилго тавин ажиллаж байна. ЭМД-ын сонгон шалгаруулалтад орохын өмнө магадлан итгэмжлэл авах ёстой бөгөөд энэ ондоо багтаан магадлан итгэмжлэлд орохоор ажиллаж буй тухайгаа эмнэлгийн захирал М.Баттүвшин эмч ярив.

UC эмнэлэг 2024 он дуустал үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Иргэд урьдчилан цаг товлож, тусламж үйлчилгээ авах юм байна.

Хотын захын хорооллын энэ эмнэлэг хүүхдийн нарийн мэргэжлийн эмчтэй. Хүүхдийн эмчийн эрэлт хамгийн их байдаг тул Хорооны дарга нь олзуурхаж хүлээн авчээ. Мөн эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, жирэмсэн үеийн ургийн ЭХО оношилгоо хийнэ. Эмэгтэйчүүдийн үзлэгийн тоног төхөөрөмжүүд нь хамгийн сүүлийн үеийн жирийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцсэн автомат ажиллагаатай үзлэгийн ортой суурилуулжээ.

Монголд анх удаа оруулж ирсэн бүрэн дижитал рентген аппараттай. Монголд дууны бохирдлоос шалтгаалж сонсголын бэрхшээлтэй болсон хүн асар их байдаг аж. Тэдэнд нийслэлийн хоёрхон хувийн эмнэлэгт очиж, сонсголын түвшнээ шалгуулах шаардлага тавьдаг ба түүнд нь үндэслэн группт оруулдаг. Тэр нарийн оношилгоог UC эмнэлэгт хийлгэх боломжтой шинэ тоног төхөөрөмж суурилуулжээ.

АНУ-д төвтэй “Орбис” олон улсын байгууллага 200 гаруй оронд нүдний тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажилладаг бөгөөд UC эмнэлэгтэй хамтран ажиллаж, Нүдний кабинет, Хараа зүйн кабинетийг 500 гаруй сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангажээ. Нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, нүдний даралт хэмжих, нүдний угийн зураг авах суурин болон зөөврийн аппаратууд болон нүдний шил тааруулж, тааруулсан шилээ эмнэлэгтээ хийлгээд авах боломжтой юм.

Орчин үед өвдсөн хойноо эмнэлэгт хандах биш, өвдөхгүйн тулд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдаж байхыг зөвлөх болсон. UC эмнэлэгт ирвэл хүн бүрийн ажлын онцлог, хүчин зүйлээс хамаарсан урьдчилан сэргийлэх багц шинжилгээг олон төрлөөр авч байна. Багц шинжилгээний тариф хамгийн хямд буюу 95-320 мянган төгрөгийн үнэтэй бол хотын төвийн эмнэлэгт багц шинжилгээний тариц 300 мянган төгрөгөөс эхэлдэг билээ.

Хотын захын хорооллын иргэдийн хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүйгээр үзүүлэх зорилтынхоо хүрээнд хэрэгжүүлж буй эхний төсөл нь энэ бөгөөд UC эмнэлгийн салбарыг гэр хорооллын хэд хэдэн байршилд хэрэгжүүлэхээр газраа сонгоод буй талаар гүйцэтгэх захирал М.Баттүвшин эмч ярьсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.