МҮОНТВ-ийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн хөтлөгч Бадарчийн Төгөлдөр “Бид финанс” ББСБ-ын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, 100 айл дахь “Ампер хаус” төвд байрлах байранд бусдын гарт амиа алджээ.
Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын эх сурвалжууд “Арваннэгдүгээр сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө уг хэрэг гарсан. Тус ББСБ-д ажилладаг эхнэрээ авахаар очтол тэнд хүмүүс архи ууж байсан юм билээ. Ингээд маргаан үүсэж, “Бид финанс” ББСБ-ын ажилтан хоёр хүн Б.Төгөлдөрийг цохиж аминд нь хүрсэн байж болзошгүй хэрэгт цагдан хоригдож шалгуулж байна” гэлээ.
Хэрэгт холбогдуулан “Бид финанс” ББСБ-ын Сүхбаатар дүүрэг дэх салбарын захирал ажилтай, 27 настай Тод-Эрдэнэ, менежер 37 настай Батзориг нарыг холбогдуулан шалгаж байгаа аж. Энэ хэргийн талаар тус ББСБ-ын ерөнхий захирлаас тодруулахыг хүсэхэд “Ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж байгаа. Хариуцсан албан тушаалтнаа яриулъя” гэсэн юм.
Талийгаач Б.Төгөлдөр 39 настай, эхнэр хоёр охины хамт амьдардаг байсан бөгөөд Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Бадарчийн хүү юм. Түүнийг амиа алдсанаас хойш МҮОНТВ-ээр “Гэрэлтэй цонх” хөтөлбөр гарахгүй байгаа билээ. Зарим мэдээллийн хэрэгслээр талийгаачийг маргаан, зодооныг эхлүүлсэн хэмээж буй бөгөөд цагдаагийнхан чухам хэнийх нь бурууг шалгаж тогтоох биз ээ.