СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Монголбазальт” ХК-ийн үйлдвэрт ажилтан нь нас барсан хэрэгт гурван хүнийг буруутгав

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Чулуун хөвөн үйлдвэрлэж, барилгын компаниудад нийлүүлдэг “Монголбазальт” ХК-ийн үйлдвэрт ажилтан нь осолдож, эмнэлэгт эмчлүүлж байгаад амиа алдсан хэрэг 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан юм. Тус үйлдвэрийн талбайн инженерийн ажилд ороод хоёр сар гаруй болж байсан Д.Э Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь тус компанийн чулуун хөвөнгийн үйлдвэрт засвар хийж байхдаа дээврийн агааржуулалтын нээлхийгээр унаж, хүнд гэмтэн ГССҮТ-д сар гаруйн хугацаанд эмчлүүлж байгаад 2023 оны хоёрдугаар сард ийн нас баржээ.

Уг хэрэгт холбогдуулж “Монголбазальт” ХК-ийн ерөнхий менежер Д.Сайнбаатар, ерөнхий инженер П.Баасан-Очир, хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан хяналтын инженер Б.Ганзориг нарыг холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгасан аж. Баянгол дүүргийн Прокурорын газраас тэднийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг үйл ажиллагаандаа мөрдүүлж, хяналт тавиагүй, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажилтан нь осолдож, нас барсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүй хохироосон” хэмээн яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалан энэ хэргийг хэлэлцээд “Монголбазальт” ХК-ийн чулуун хөвөнгийн үйлдвэрийн барилгын дээвэрт онгорхой нээлхий байгааг шүүгдэгч Д.Сайнбаатар, П.Баасан-Очир, Б.Ганзориг нар мэдэж байсан бөгөөд ойр орчимд нь хаалт, эсхүл анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавилгүй орхисон, ийм эрсдэлтэй ажлын орчныг мэдсээр байж хохирогчид хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөлгүй талбайд гаргасан, тэнд ажиллаж буй хүн бүрд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн, эсэхийг бүрэн нягталж шалгалгүй орхисны улмаас хохирогч Д.Э унаж нас барж, хүний амийг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцжээ. Улмаар “Монголбазальт” ХК-ийн уг албан тушаалтнуудыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг гурван жилийн хугацаанд хориглож, зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.
Харин иргэний хариуцагчаар татагдсан “Монголбазальт” ХК-ийн удирдлага хохирогч Д.Э-гийн ар гэрийнхэнд 160.8 сая төгрөг төлсөн, талийгаачийн хүүхдүүдийн 18 нас хүртэлх сургалтын төлбөрт 30 сая төгрөг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсний 15 саяыг нь шүүгдэгч П.Баасан-Очир, Б.Ганзориг нар өгсөн байна.

“Монголбазальт” ХК-ийг Л.Ариунболд үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө гүйцэтгэх захирлаар түүний охин А.Энхгэрэл ажиллах болжээ. Тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллах болсон Л.Ариунболдын хувьд Тавантолгойн ордын нүүрс олборлох үйл ажиллагаанд оролцох “Монгол999 үндэсний нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, олон аж ахуйн нэгжийг нэгтгэж байсан ч өнөөг хүртэл үр дүнтэй ажилласан, эсэх нь тодорхойгүй байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй эл нэгдэлд багтсан 1000 орчим аж ахуйн нэгж тус бүрээс авсан нэг сая төгрөгөө хэрхэн зарцуулсан талаараа ч тайлагнадаггүй, буцааж олгоогүй гэдэг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Тийм ш дээ. 1 сая төгрөг авсан ш дээ. ямар ч буцаалт байхгүй. тэгээд л өөртөө ашиг аваад яасан нь мэдэгдэхгүй алга болсон.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.