Нэгэн цагт УИХ-ын гишүүн явсан С.Болдхэтийн үүсгэн байгуулсан “Наран групп” ХХК нь харьяандаа 14 охин компанитай. Тэдний нэг болох хүүхдийн тоглоомын “Наран кидс стор” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Энхсанаад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ.
Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчийн хамтаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу тус шүүхэд уржигдар хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Д.Энхсанаа өөрийн үүсгэн байгуулсан, 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг, ашиг сонирхлын зөрчилтэй компаниараа дамжуулан гадаадаас бараа, материал импортолж байгаа мэтээр баримтууд бүрдүүлж, үнийн дүнг зохиомлоор өсгөн 58 сая төгрөг завшсан гэх хэрэгт холбогдсон аж. Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, НПГ-ын хяналтын прокурор Б.Оюунцэцэг, хохирогч компани болох “Наран групп”-ийн охин компанийн хууль ёсны төлөөлөгч Б.Замбага-Эрдэнэ, шүүгдэгч Д.Энхсанаа, түүний өмгөөлөгч Р.Булган нарыг оролцуулан хэлэлцсэн хурлаас “Наран кидс стор”-ын гүйцэтгэх захирал асныг гурван сая төгрөгөөр торгох ял оноохоор шийдвэрлэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.