Америкийн Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт байдаг НҮБ-ын төв байрны үүдэнд хэдэн монгол хүн Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн зургийг барьж жагсах гэж байна.
Түүнийхтэй хамт нэг том даргын зургийг барих гэнэ. Тэд Н.Өнөрцэцэгийг улс төрийн хоригдол гээд түүнийг барьж хорих тушаал өгсөн даргыг нэрлэх гэж буй нь тэр гэнэ. Ийм нэг үйл явдал ертөнцийн нөгөө талд ойрын үед болох юм байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүд бас Н.Өнөрцэцэгийн асуудлаар НҮБ-д хандахаар болсон тухай дуулдлаа. Ингээд Монголын улс төрийн зодоон дэлхийн дэвжээнээ залрахаар болов оо гэж. Н.Өнөрцэцэг бол даргын үгэнд ороогүй л сэтгүүлч.
Тэрээр хоригдохоосоо өмнө 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд “Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна” гэж ярьж байсан. Хоригдсоныхоо дараа 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Би маш их гомдолтой байна.
Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна. Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. “Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улайм цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП, ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсож өгнө үү” гэж Цагдан хорих байрнаас захидал бичсэн.
Товч утгаараа Монголын шүүх нэг том улстөрч даргынхаа тушаалыг биелүүлж сэтгүүлчийг захиалгаар ялласан гэж харагдаад байна. Хамгийн эвгүй нь энэ явдал дэлхийн кейс болно. Юуны тулд НҮБ билээ дээ, нэг монголыг ч, мянган монголыг жагсахад тэд анхаарна. Үүрэг зорилго нь тэр юм. Ерөөсөө энэ явдал Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг барьж хориод яллаж шийтгээд дуусч байгаа юм биш. Үүгээр хязгаарлагдахгүй. Сэтгүүл зүйн салбарыг шүүхийн тавцанд гаргачихаад байгаа юм. Түүгээр нь харахаар Монгол Улс ардчиллыг хэлмэгдүүлж, ардчиллыг шүүж, ардчиллыг яллаж, ардчиллаас ухарч байгаа хэрэг юм.
Н.Өнөрцэцэгт 2024 оны долдугаар сарын 19-нд ял оноосон анхан шатны шүүхээс Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан, Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан, Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдээлсэн. Удахгүй дараагийн шатны шүүх хурал нь болно. Тийм учраас Н.Өнөрцэцэгийн тухай ойрд идэвхтэй яригдаж байна. Гэхдээ түүнийг анх баривчлахдаа дэгдээсэн дуулиан, шүүхийн мэдээлээд байгаа бодит байдал хоёр өдөр ирэх тусам улам зөрж улам алсарч холдсоор байгаа. Шүүх хурлыг нээлттэй хийхээс үхтлээ айж байгаа нь Н.Өнөрцэцэгийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаагийн томоохон нотолгоо болно.
Сэтгүүлчид ч, ХЭҮК ч шүүх хурлыг нээлттэй хийлгэхээр хөөцөлдөөд дийлэхгүй байна. Тэдэнд шүүхээс Төрийн нууц учраас хаалттай шүүх ёстой гэж хууль тайлбарлах замаар амыг нь таглаж байна. Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг анхнаасаа төрийн нууц гэдэг зүйлчлэлээр буруутгах үндэслэл байхгүй. Төрийн нууц гэж юу юм бэ гэдгийг харъя. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1-д “төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг хэлнэ гэсэн байна. Ийм сүртэй агуулга бүхий тодорхойлдог ч нууцад оруулж байгаад л хулгай хийж хувааж идсэн олон жишээ илэрч байна.
Ингээд төрийн нууц гэдгээр халхавчилж сэтгүүлчийг олноос нууж байгаад яллачихаар дараа нь ийм хулгайг сэтгүүлч ухах зүрхгүй болно. Жишээ нь, ногоон автобусны луйвар мэтийг мэдсэн сэтгүүлч мэдээлэх эрхгүй болж байна. Гэтэл сэтгүүлч төрийн нууцыг хамгаалах үүргийг хүлээх тухай Монгол Улсын ямар ч хуульд заагаагүй. Нэгдүгээрт, Сэтгүүлч төрийн нууцыг хамгаалах үүрэг хүлээдэггүй. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6.1-д Төрийн байгууллага, албан тушаалтан нь төрийн болон албаны нууцыг хамгаалах үүрэгтэй гэж заасан. Хоёрдугаарт, Сэтгүүлч төрийн нууцыг олж авахдаа хамгаалах үүрэгтэй этгээдийн сейфнээс нь, ширээнээс нь хулгайлж байгаад баригдаагүй бол буруудах учиргүй. Эсхүл хамгаалагч этгээдийг дээрэмдээд төрийн нууцыг гартаа оруулчихаагүй бол хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Харин ч ардчилсан улс оронд төрийн нууцыг гартаа оруулж чадсан сэтгүүлч мундаг гэж үнэлэгддэг.
Нөгөө талаасаа сэтгүүлчид нууцаа алдсан бол төр өөрөө буруудах ёстой. Хэнийгээ буруутгах нь тэдний хэрэг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгаад байгаа бусад зүйлчлэл бол зүгээр шалтаг. Хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг хуучны зөвлөлтийн технологи л энд хэрэгжиж байна. Эндээс бас нэг зүйл ажиглагдлаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал дээр сэтгүүлчид дуугарсангүй. Аймхай, нэгдэж чаддаггүй байдал нь Монголын сэтгүүлчдийн сул тал болж байна. Өнөөдөр тэр, маргааш өөрсдөө гэдгийг тэд харахгүй байна. Энэ зөвхөн хүний ч асуудал биш. Хэрвээ Н.Өнөрцэцэг нь энэ чигээрээ шоронд хоригдоод үлдвэл тэдэнд даргыг магтан дуулахаас өөр сонголт үлдэхгүй. Даргын хэлснийг л дамжуулж нам засагтаа үйлчилдэг коммунист сэтгүүл зүй цаашид монголчуудын мэдэх эрхийг хангах нь. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүй нь тэр чигтээ торонд орчихож байгаа юм. Тэрийг ч олж харахгүй байгаа нь харамсалтай.
Ажиглагч А.Батболд
Эх сурвалж: Өдрийн сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.