УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуралдааныг даргалж буй Ц.Даваасүрэнг "Дэг барина" нэрийдлээр үг хэлэх боломж олгохгүй байна гэж шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Яасан их дэг барьдаг юм, та нар. Та нар дэг барих ёстой юм уу? Монголын ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлж, аж ахуй нэгжүүдээ хөл дээр нь босгож, улс орноо хөгжүүлэх ёстой юм уу? Эсвэл дэг барьж байна гээд хүмүүсийн амыг хаагаад сууж байх ёстой юм уу? Ийм олон гишүүн эсэргүүцэж байхад хүчиндэж байгаад, одоо бол эцсийн хэлэлцүүлэг, эцсийн үг ч байхгүй. Ийм юм байдаггүй юм.
Ц.Даваасүрэн дарга уг нь манай талд байсан юм, одоо дайсны талд орчихож. Уг нь төсвийн хэлэлцүүлэг эхлэхэд манай талд байсан ш дээ. “Нээрээ хэдүүлээ төсвөө гоё болгоё, засъя, янзалъя. Ард иргэн, аж ахуй нэгжүүдийнхээ амьдралыг гоё болгоё” гэсэн. Одоо байхгүй. Одоо ийм тоглоомын юмаа болимоор байна. Би сая ирц гүйцээх үү яах уу. Б.Жавхлан орж ирсэн байна. Та нарыг өөр юм ярих байх гэж бодож орж ирсэн. Дөрвөн гишүүний саналын дагуу төсвөө татаж аваад, наанатай цаанатай зарим юмыг нь хасчихъя гэж бодсон.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Үг хэлэх минут дууслаа. Байнгын хорооны зүгээс гишүүдийн гаргасан хасъя гэсэн саналыг дэмжиж, чуулган руу оруулсан шүү. 18.3 тэрбумыг хасъя гээд оруулсан ч чуулган дээр л боссон. Чуулганы тэр олон гишүүдийг би зохицуулж чадахгүй шүү дээ. УИХ-ын дарга биш юм чинь гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.