СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравданг авлигын хэрэгт дахин гэм буруутайд тооцов

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан, ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзжээ.

Ингэснээр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны болон тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болж буй юм.

Д.Цэвээнравдан 2012-2016 онд Ховдын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа ИТХ руу өөрт нь байр хувьчилж өгөх талаар албан бичиг хүргүүлэн тэргүүлэгчдийнх нь хуралдаанаар хэлэлцүүлсэн аж. Улмаар ЭСБА-80 айлын орон сууцад 68.3 ам метр талбайтай, тухайн үеийн ханшаар 75 орчим сая төгрөгийн үнэтэй байрыг 80 хувиар хөнгөлүүлж, 14.9 сая төгрөгөөр хувьчилж авах шийдвэр гаргуулсан гэнэ.

Харин ИТХ-ын дарга Б.Баярсайхан 82.1 сая төгрөгөөр үнэлэгдсэн, дээр дурдсан орон сууц дахь 74.2 ам маетр талбайтай байрыг мөн л 80 хувь хөнгөрүүлж, 16.2 сая, доторх 15 сая төгрөгийн үнэлгээтэй тавилгын үнийг бас 80 хувиар чөлөөлүүлж, 2.1 сая төгрөгөөр өөртөө худалдан авах тогтоол батлуулсан хэрэгт холбогдсон юм.

Анхан шатны шүүхээс Д.Цэвээнравдан, Б.Баярсайхан нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон юм. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Харин тэдний хууль бусаар хувьчилж авсан байруудыг битүүмжилж, хохирлыг нь нөхөн төлүүлэхээр болсон байна. Д.Цэвээнравдангийн хувьд авлигын хэрэгт хоёр дахь удаагаа холбогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон нь энэ. Үүнээс өмнө тэрбээр ЗДТГ-ын ажилтнууд болох П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарын хамт албан тушаалаа урвуулан тус аймгийн Зэрэг сумын төвийн тохижилтыг хийх гэрээ байгуулсан билээ. Түүнд шүүх нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.