Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.
Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Баянхонгор аймгийн Заг сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.
Тус сумын 100 жилийн ойн наадамд 128 бөх зодоглосноос улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж аймгийн арслан Д.Батбаяр үзүүрлэжээ.
Их шөвгийн дөрөвт улсын начин Б.Сангисүрэн, аймгийн арслан Б.Бат-Орших нар үлдсэн байна.
Түрүү бөх Д.Цэрэнтогтох нь тус сумын уугуул хүчтэн. Тэрээр 2018 онд Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр дөрөв, улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж начин цол хүртсэн юм. Дараа жил нь мөн улсын баяр наадмаар улсын харцага О.Хангайгаар дахин тав давж өсөх идэр чимэг нэмэх болзол хангасан. Гэвч начин маань допингийн шинжилгээнд бүдэрсэн учир уг чимгийг олгоогүй юм гэдэг.
Д.Цэрэнтогтох Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, алдарт дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохтой овог нэр ижил юм. Тиймдээ ч юмуу багаасаа үндэсний болон жүдо бөхөөр хичээллэсэн, начин цолоо багтааж ядсан аатай бөх.
Бүр 2015 онд Бүх цэргийн наадамд тав давж “Цэргийн начин” 2016 онд мөн наадамд найм даван түрүүлж цэргийн арслан болж байв. Тэгээд цэргийн арслангаас улсын цолонд хүрсэн юм билээ. Допингийн шинжилгээ урвуу гарсан үедээ Д.Цэрэнтогтох ярихдаа:
-Монголд хууль хэрхэн зөрчиж болдгийн жишээг хараад харамсаж байна. Миний барилдах эрхийг хассан хоёр жил тун хэцүү байлаа. Харин би архи уудаггүй тулдаа тэр хэцүүг давсан шүү гэж байлаа.
Заг сумын нутаг Хүрэн бэлчир, Залаа Чандмань овоо бол түүний төрөлх нутаг. Д.Цэрэнтогтох жүдо бөхийн ДАШТ-нд тавдугаар байр эзэлж байснаас гадна бүстэй барилдаан, самбо бөхөөр Азийн аваргын тэмцээнээс хэд хэдэн медаль авч байсан юм.
Үндэсний бөхөөр салхитай шуурхай барилддаг. Дүүгүүрдэх, давхар ачих, тонгорох мэхийг гоц сайн эзэмшсэн юм билээ.
100 жилийн ойн наадмын үзүүрлэсэн бөх, аймгийн арслан Д.Батбаяр тун олон жил сайн барилдаж байгаа хүн.
Нэг үгээр хэлэхэд биеэр бага ч бэлчээр томтой бөх. 2000-гаад оны эхэн үед Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудад тэр голдуу зодоглосон нь харагддаг байсан даа. Сүүлийн үед орон нутагтаа амьдарч ажилладаг болсон юмуу төдийлөн харагдахгүй бас барилдахгүй л байгаа.
Их шөвөгт үлдсэн Б.Санжсүрэн, Өвөрхангайн цагдаагийн газрын бөх. Тэгвэл аймгийн арслан Б.Бат-Орших тэр жил улсын баяр наадмыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт болоход зургаа давж улсын харцага цолны болзол хангасан. Гэсэн ч мөн л допингийн шинжилгээнд бүдэрснээр уг цолыг олгоогүй юм билээ.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.