"Жагсаалтаар сонгогдсон болон тойргоос сонгогдсон гишүүдийн дунд ялгаа гарч байна. Иргэд, сонгогчид тулгамдаж байгаа асуудлаа УИХ-ын гишүүддээ хэлж, төсөвт тусгуулах гэдэг нь зүйн хэрэг шүү дээ. Гал алдах хэмжээнд байгаа эмнэлэг сургуулийн асуудлуудаа яах вэ гэдэг дээрээ л асуудал байна" гэж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлж байна.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Жагсаалтаар сонгогдсон болон тойргоос сонгогдсон гишүүдийн дунд ялгаа гарч байна. Тухайлбал, тойрог дээр хөрөнгө оруулалт хийх үү үгүй юу гэдэг дээр ялгаа гараад байна. Тойргоос сонгогдсон гишүүд тойрогт ажиллахаар иргэд бүтээн байгуулалтын асуудлаа ярьдаг. Үүнийг нь сонгогдсон гишүүд шийдвэрлэхийг хичээж ажиллана. Харин жагсаалтын гишүүдэд ийм асуудал байхгүй. Бүсээс сонгогдсон гишүүдийн хэлээд байгаа санал нь иргэд, сонгогчдын санал. Амьдралд тулгамдаж байгаа асуудлаа УИХ-ын гишүүддээ хэлэх нь зүйн хэрэг. Амьдрал баялаг шүү дээ. Гэр цэцэрлэг олон байна шүү дээ.
Тойрог жалгын гэдэг нь буруу ойлголт юм. Зайлшгүй хийж хэрэгжүүлэх асуудлаа л тавьж байгаа. Нэгхэн жилд бүх асуудлыг шийдвэрлээд явах ямар ч боломжгүй. Маш их мөнгө шаардлагатай. Ашиглах боломжгүй барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа цэцэрлэг, сургууль, дотуур байрны асуудлаа УИХ-ын гишүүддээ хэлэхээс өөр яах вэ. Тухайлбал, зуны үерээс үүссэн далангийн асуудлыг ирэх жил хийхгүй бол дараа жил үерт урсах аюул нүүрлэнэ шүү дээ.
Хөрөнгө оруулалт засвартай холбоотой асуудал төсөвт тусгагдаагүй. Дэд бүтэц, зам, орон сууцны инженерийн шугам сүлжээний асуудал зэрэг томоохон бүтээн байгуулалтууд л төсөвт тусгагдсан.
Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа мега төслүүдийг хэрэгжүүлэх нь зөв гэж нэг талаасаа харж байгаа. Гэхдээ бүр гал алдах хэмжээнд байгаа эмнэлэг сургуулийн асуудлуудаа яах вэ гэдэг дээрээ л асуудал байна.
Өмнө нь эхлүүлснээ дуусгаад, дэд бүтцийн томоохон төслүүдээ санхүүжүүлье гэдэг саналаа л Засгийн газар гаргасан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бидний үгийг ч үг гэж бододгүй хувийн эрх ашгаа нэгд тавьдаг та бүхэн төсвийн зарлагаа өндөр алдагдалтай батлаад өөрсдийн зарцуулах төсвөө өсгөөд байдаг нь хачирхалтай л байна төсвийн алдагдлаа бууруулах сэтгэо танд алга уу