СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-23

Ж.Батсуурь: Дулааны алдагдалгүй гэр хорооллын байшин баривал ипотекийн зээл олгоно

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
21 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь дараах мэдээллийг өглөө.

-Ипотекийн зээлийн эх үүсвэр бага, эрэлт их болохоор байрны үнэ өснө. Тийм учраас ирэх жилээс ипотекийн эх үүсвэрийг нь хоёр дахин нэмэгдүүлнэ. Хуримтлалын сан, Үндэсний баялагийн сангийн эх үүсвэр, Нийгмийн даатгалын сангийн сул эх үүсвэрүүдээс гаргаж 1.2 их наяд төгрөгт хүргэснээр ипотекийн зээл авах боломжтой хүмүүсийн тоо өснө. Ипотекийн зээлийг хотын төвд баригдсан орон сууцанд олгохгүй. Хотын зах руу, гэр хороолол болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, мөн орон нутагт олгоно. 

Түмпэнд хивс угааж болдоггүйтэй адил, дөрвөн уулынхаа дунд 700 мянган хүнд зориулсан хотод гадны хүмүүстэйгээ нийлээд хоёр сая болсон хүмүүс багталцахгүй байна. Энийг задлахын тулд орон сууцыг анх удаа, мөн суманд орон нутагт авч байгаа хүмүүст хөнгөлөлттэй өгье. Дээр нь, орлогод нь таарсан орон сууцанд ипотек өгье гэж байгаа юм. Өмнө нь ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлээд 120 мянган хүн хамрагдсан боловч эргээд хартал нэг хүн 2-3 орон сууц авч авчихсан. Эхний байруудаа түрээсэлдэг болсон байна. Энэ алдааг засахгүй бол болохгүй. Тийм учраас анхны орон сууцаа авч байгаа гэр бүлд ипотекийн зээл өгөхөөр албан ёсоор журамлана. 

-Үнийн хөөрөгдөл өндөр байна. Үүнийг хэрхэн зогсоох вэ?

-Нэг гэр бүл 2-3 орон сууц авчихаар үнэ хөөрөгдөөд байна. Анх удаа байр авч байгаа хүн ипотекийн зээлийг хөнгөлөлттэй авч болно, мөн суманд амьдарч байгаа хүн 3 хувийн хүүтэй ипотек авч болно.

Дээр нь та бүхэн мэдэж байгаа. Бид орон сууцыг хэдээр нь ч барьж болно. Гэвч халаалт, цахилгааны асуудлаа дийлэхгүй. Монгол орон эрчим хүчний хямралд орсон байна. Гол шалтгаан нь эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, төрөөс татаастай явж ирсэн. Тийм учраас эрчим хүчний салбарт либералчлал хийе гэж салбар яам нь ярьж байна, би ч дэмжиж байгаа. Төвийн эрчим хүч рүү шавааралдаад байх бус Сэлбэ дэд төв ч гэдэг юм уу бие даасан дэд төв бий болгоод тухайлбал, Чингэлтэй, Хайлааст, Шар хад, Баянхошуу, Толгойд дэд төвд нь орон сууц барихаар утаагүй, түгжрэлгүй болно. 

-Одоо зах зээл дээр зарагдаж байгаа байрны 1м2-ын үнэ нь 4.2 сая төгрөгийн үнэтэй байна. Ипотекийн зээлийг 80 м2 хүртэлх байранд мөн 150 сая төгрөгөөс дээш олгохгүй байгаа. Энэ тохиолдолд дундаж орлоготой иргэн ипотект хамрагдах боломжгүй байна шүү дээ?  

-Орон сууцтай болох дөрвөн нөхцөл байгаа. Эхнийх нь ипотекийн зээлийг 60-80м2 орон сууцыг орлогод нь нийцүүлэн олгоё. Хоёр дахь нь түрээслэх. Түрээслэх замаар мөнгөө төлөөд өмчлөлдөө шилжүүлэх.

Нөгөөх нь буюу бидний шинээр гаргаж ирж байгаа хувилбар буюу амины орон сууцанд ипотек олгох санал гаргаж ирсэн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, гадаадын хөгжсөн орноос асуухаар монгол гэр бүл олсон мөнгөнийхээ ихэнхийг гал руугаа хийгээд байдаг юм биш үү. Харахад хоёр давхар гоё байшин хэрнээ зургаан талаараа дулаанаа алдаж байна. Дээвэр, цонх, шал, дөрвөн ханаараа дулаанаа алдаж байна. Тийм болохоор олсон мөнгөө нүүрсэнд өгдөг. Нэг портер машинаар өвлийг давчих боломжтой байхад 10 портер түлш түлдэг ч юм уу. Би жишээ татаж байна шүү. Тэгэхээр амины орон сууцанд ипотек олгохын тулд "амины орон сууцаа дулаал" гэдэг шаардлага л тавина. 

Хот байгуулалт, барилга орон сууцны яам бол амины орон сууцанд ипотек өгөхдөө газар хөдлөлтөд нурахгүй, аль ч талаараа дулаанаа алдахгүй барилгад зээл өгнө. Дээрээс нь орон нутаг руу зоривол ипотекээр дэмжинэ. Гурван хувийн хүүтэй ипотек олгоно. Зөрүүг нь татаас хэлбэрээр өгнө. Өмнөх зээлийн ихэнхийг нийслэлдээ өгчихсөн байна. Шинэ Зуунмод хотод жишээ нь түлхүү өгнө гэдэг ч юм уу. 

Журам яг хэрэгжиж эхлээгүй байна. Хуучин журмаараа л явж байна. Миний ярьж байгаа зүйл бол 2013 оноос хойших ипотекийн зээлийн алдааг засья, хүртээмжийг нэмэгдүүлье залуу гэр бүлээ дэмжье гэсэн л санаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.