Монгол орны нийт нутгаар өнгөрсөн ням гарагт орсон их, бага хэмжээний цасны улмаас Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын 758, гэмт хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл иржээ. Замын нөхцөлд хурдаа тохируулаагүй, зуны дугуйтайгаа замд гарсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс хүний амь эрсэдсэн хэд хэдэн осол гарсан байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг, Овоотын-Ар гэдэг газарт “Тоёота премио” загварын суудлын автомашин “Прадо-150” жийптэй мөргөлдсөн аж. Үүний улмаас 88 настай иргэн газар дээрээ амиа алдсан бол 47 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Харин өдгөө хоёр хүн эмнэлэгт эмчлүүлж буй гэнэ. Мөн тус аймгийн Баянхутаг сумын нутаг, Бор хоолой гэх газарт Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан Нэгдсэн эмнэлгийн “Ниссан патрол” загварын автомашин онхолдож, дотор нь явсан дөрвөн сартай хүүхэд гэмтжээ. Тухайн хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худаг элстэй гэх газарт энэ сарын 20-ны 19.00 цагийн үед “Лексус RX-400” болон “Тоёота алпард” загварын автомашин мөргөлдсөнөөс хоёр настай хүүхэд нас барж, 13 зорчигч хүнд, хөнгөн гэмтжээ. Бас Говьсүмбэр аймгийн нутагт, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан 42 зорчигчтой автобус авто замын хажуу руу унаж, 35 зорчигч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Өвөрхангайн замд Баян-Өлгий аймаг руу явж байсан хүнд даацын автомашин халтиргаанаас болж хөндөлсөн замын зорчих хэсгийг хааж, түгжрэл үүсгэсэн тохиолдол ч гарав.
Нийслэлийн замд халтиргаа үүссэний улмаас зуны дугуйтай автомашинууд осолд өртсөн тохиолдол олон гарсан. ТЦА-ныхны мэдээлснээр тухайн өдөр 12 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн аж. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг, “Гурван-Эрдэнэ” гэх дэлгүүрийн урд замд олон автомашин мөргөлдөж хүн гэмтсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 20-ны 19.40 цагийн үед ирснийг шалгахад “Хьюндай соната-7” загварын автомашины жолооч С долоон тээврийн хэрэгслийг мөргөснөөс “Тоёота королла”-гийн жолооч 65 настай иргэн гэмтсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.