СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-21

Б.Мөнхсайхан: Цахилгааны үнийг нэмбэл гал түлэхээс өөр аргагүй байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн хэсэг нь орон сууцанд амьдарч байна. Орон сууцанд амьдарч буй иргэдийн багагүй хувь нь түрээсийн сууцанд амьдардаг. Байр түрээслэгчдийн ихэнх хувийг  залуу гэр бүлүүд эзэлдэг. Гэвч орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх болсон нь залуу гэр бүлүүдийг гэр хороолол руу шилжихэд хүргэж байгаа юм.

Тэдний нэг бол Б.Мөнхсайхан юм. БЗД-ийн 29 дүгээр хороонд шилжин суурьшаад хоёр сар гаруй болж буй. Тэрээр өндөр үнэтэй орон сууц шууд худалдаж авах боломжгүй учир түрээсийн байранд дөрвөн жилийг өнгөрөөжээ. Гэвч жил ирэх тусам түрээсийн байрны үнэ нэмэгдэж байгаа нь эдийн засагт нь дарамт учруулах болсон тул ийнхүү гэр барьж, тусдаа гарчээ.

Энэ тухайгаа “Манайх ам бүл гурвуулаа. Тиймээс нэг өрөө байр түрээсэлдэг байсан. Нэг өрөө байрны түрээсийн төлбөр сарын 900.000 төгрөг, үүн дээр СӨХ болон тог, усны мөнгө нэмэгдээд сардаа 1.1 сая төгрөг зарцуулдаг байсан. Гэхдээ байрны түрээсээ сар сардаа авдаг хүн олддоггүй учир гурван сараар түрээсийн төлбөрөө төлж ирсэн. Энэ нь санхүүгийн дарамт учруулах болсон тул өнгөрсөн долдугаар сарын сүүлээр гэр барьж амьдрахаар шийдсэн” гэсэн юм.

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл утааг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүд дулаалга хийж, дулаан алдалтаа багасгаж, цахилгаан болон нарны эх үүсвэрээр халаалтаа шийдсэнээр шахмал түлшний хэрэглээ 30 хувиар буурах боломжтойг судлаачид хэлсээр байгаа.

Б.Мөнхсайхан ч мөн гэр хороололд яндан нэмэхийг хүсээгүй тул гэрээ дулаалж, цахилгаанаар халаалтаа шийдсэн байна. Түүнчлэн цахилгаан халаагуураар халаалтаа шийдсэнээр тав тухтай амьдрах боломжтой болсон аж.

Гэвч тогны мөнгийг ирэх сараас нэмэх тухай яригдаж байгаа нь түүний сэтгэлийг зовоох болжээ. Энэ талаар Б.Мөнхсайхан “Би долдугаар сарын 25-нд ахынхаа хашаанд зургаан ханатай гэр барьсан. Ингэхдээ гэрийн буйраа бетоноор цутгаж, шалны халаалт хийлгэж, паркет шахаж гэрээ барьсан. Наймдугаар сарын нэгнээс гэртээ амьдарч эхэлсэн. Манайх урд болон хойд талдаа тус тусад нь шалны халаалт суурилуулсан. Наймдугаар сард зөвхөн хойд талын шалны халаалтаа ажиллуулахад тогны төлбөр 150 мянган төгрөг гарсан. Одоо хүйтэрч байгаа учир хоёр шалны халаалтаа ажиллуулахаар тогны төлбөр сардаа 300 орчим мянга гарах байх. Гал түлэхгүйгээр энэ хэмжээний төлбөр гарвал боломжийн санагдаж байна л даа. Гэвч тогны төлбөрийг ирэх сараас 60 хувиар нэмж магадгүй гэж байна. Ингэхээр манайх сард 450 орчим мянган төгрөг төлөхөөр байгаа юм. Сардаа энэ хэмжээний төлбөр төлбөр зөвхөн тогны төлбөрт зарцуулснаас гал түлж амьдарвал илүү бага зардал гарахаар байна. Уг нь залуу гэр хороололд нэг ч гэсэн яндан нэмчихгүй юмсан гэж чадахаараа л хичээж байна” гэсэн юм.

Нийт гэр хорооллын 45 хувь нь уламжлалт монгол эсгий гэр, 55 хувь нь хувийн орон сууцууд байна. Тодруулбал, 73.3 мянган гэр, 87 мянган байшин байна гэсэн үг.

Монгол гэр нь нүүдлийн соёл иргэншилд зориулагдсан сууц. Монгол гэр энгийн байшингаас 60 хувийн илүү дулаан алддаг. Тодруулбал, гэр нь ойролцоогоор 24 мкв гэж үзвэл халааж буй дулаанаар нь 60 мкв байшинг халаах боломжтой. Дулаан алдагдал их учир гэрийг цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаах нь асар их зардалтай байгаа юм.

Тиймээс монгол гэрийг дулаалах нь хамгийн үр дүнтэй арга гэж “Цэлмэг тэнгэр” санаачилгын Сэргээгдэх эрчим хүч хариуцсан инженер Ц.Цолмонбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, цахилгаанаар халаалтаа шийдэхэд дулаалга маш чухал ажээ.

Тэгвэл Б.Мөнхсайхан гэрийн дулаалга болон бусад зардалд таван сая төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, бетонон суурь цутгахад 1.6 сая, шалны халаалт нэг сая, паркет 1.2 сая, гэрийн дулаалга болон бусад зүйлсэд 1.2 сая төгрөг зарцуулжээ. Гэвч энэ хэмжээний зардал гаргачхаад гал түлнэ гэдэг харамсалтай байна гэж түүний эхнэр О.Номин ярилаа.

Тэрээр “Монгол гэрт амьдрахад гал түлэх хамгийн хүндрэлтэй санагддаг. Цахилгаанаар халаалтаа шийдэх нь амьдралыг илүү хөнгөвчлөхөөс гадна тав, тухтай амьдрах боломжийг бий болгож байна. Иргэн, төр хоёр хамтарч байж утааг бууруулах боломжтой гэж боддог. Гэвч хичээл зүтгэл гаргаж буй иргэдийнхээ итгэлийг битгий нугачан дараасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх сараас тогны мөнгө нэмэх бол бидэн шиг цахилгаанаар халаалтаа шийдсэн иргэд байгааг битгий мартаасай гэж хүсэж байна. Одоо байгаа шиг сард 300 мянган төгрөгийн зардал гарч байвал бид гүрийгээд өвлийг барж чадна. Харин сард 450.000 төгрөг төлбөл хэцүү” гэлээ.

Эрчим хүчний үнэ нэмэх талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Бас дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усны үнэ нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаарх шийдвэрийг гаргана. Эрчим хүчний тухай хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо бие дааж шийдвэр гаргадаг. Үүнтэй холбоотой судалгааг хийж байгаа. Нэг кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, айл өрхүүдэд 140 төгрөгөөр борлуулж байна. Ингэхээр бид 50 хувьдаа ч хүрэхгүй үнээр борлуулж байна шүү дээ. Дулааны хувьд ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, Амгалан дулааны станцаас авч байгаа. Нэг айлын дулааны зардал 1 м.квт нь сардаа 506 төгрөг байна. Би 90 мянган төгрөгөөр дулаанаа үйлдвэрлэчихээд 35 мянган төгрөгөөр борлуулж байна. Бид эхний ээлжид алдагдлаа хэрхэн багасгах вэ гэдгээ шийдэх болохоос эрчим хүчний салбарын үнэ чөлөөлж, өрсөлдөөн бий болгох нь ойрын жилүүдэд хийх ажил биш. Тодорхой хугацаанд үе шаттайгаар эрчим хүчний үнийг үе шаттай нэмсэн тохиолдолд зах зээлийн зарчимд шилжих боломж Засгийн газрын бүрэн эрхийн төгсгөл буюу 2027-2028 онд бүрдэх болов уу" гэсэн юм.

Мөн төр цахилгаан халаалтыг дэмжиж байгаа бол эрчим хүч, тог цахилгаан тасрахгүй байх тал дээр хариуцлагатай ажиллах ёстойг энд онцолъё. Өөрөөр хэлбэл, утаа гаргахгүй, гал түлэхгүй байгаа айл өрхүүд цахилгааны асуудалтай шууд холбоотой болж байгаа. Хэрвээ цахилгаан тасарвал гал түлэхээс өөр аргагүй болно. Цаашлаад айл хөлдөх ч аюултай нөхцөл байдал бий болно гэсэн үг юм.

Тиймээс эрсдэл гаргаад ч болов яндангаасаа салахыг хүссэн иргэдээ мартахгүй байхыг сануулж байна.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 203 (7447)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.