СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-10-18

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. 

Засгийн газраас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Орон нутгийн иргэдийн орлого бага хэрнээ хэрэглэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нь өндөр байдаг тул татварыг бүсчлэлээр нь хөнгөвчлөн тогтоох саналыг С.Бямбацогт гишүүн хэлж байв. Эрчим хүчний салбарын алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулснаар ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцсон эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Эрчим хүчний сайдаас хариулт авав.

Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хатуу, зөөлөн дэд бүтцийг өргөтгөж, сайжруулахаар “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх” гэсэн хөгжлийн төлөвлөгөөний төслийн 4.1.2.2 дахь арга хэмжээний талаар Ж.Баярмаа гишүүний тодруулж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулт өглөө. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын Засгийн газар хамтран 15 жилийн хугацаанд 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл бөгөөд хэрэгжүүлэгч нь өндөр орбитын хиймэл дагуул бүтээдэг зургаан гол байгууллагын нэг, Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн компани гэдгийг тодотгов. Төслийн санхүүжилтийн зээлийн баталгаа болох 15 хувийг ирэх оны төсвийн төсөлд тусгах шаардлагатай гэлээ. Тус төсөл нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихээрээ нэн ач холбогдолтойг дурдсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийнхүү хөнгөлөлттэй зээлээр хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлж байгаагүй ч гуравдагч хөршийн хувиар гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэн БНФУ-ын Засгийн газраас эл шийдвэрийг гаргасан гэдгийг тооцох нь зүйтэй хэмээв. 

Монгол Улсын иргэн бүрийг хүчирхийллээс ангид байлгах асуудлыг бодлогын түвшиндээ анхаарч, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг М.Нарантуяа-Нара гишүүн гаргаж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт, тайлбар авсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсний дараа төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 98 гишүүний 66 нь буюу 67.3 хувь нь дэмжиж, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.   

Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.