УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗБХ-ны гишүүд энэ сарын 15-нд ШЕЗ дээр очиж ажиллав. Тэрбээр цахим хуудастаа “Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хамтаар ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
…Хууль дээдлэх, эрх зүйт ёсыг бэхжүүлэх нь төрийн байгууллагын эрхэмлэх зарчим мөн. Төр үүгээрээ эрх зүйд итгэх иргэдийн итгэлд чухал үүрэгтэй. Энэ утгаараа шүүх үйл ажиллагаагаараа иргэдийн итгэлийг хүлээсэн байх нь чухал юм.
УИХ-аас шүүхийн байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг бий болгоход дэмжин ажиллана.
Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй ч хууль, эрх зүйн шинэчлэлийг явуулахад хамтран ажилласнаар хууль тогтоомжуудыг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэх юм.
Аливаа хэрэг, маргаан шүүхийн түвшинд удааширч, иргэдийг чирэгдүүлдэг байдал шүүгч, өмгөөлөгчөөс болж байна уу, эсвэл хууль тодорхойгүй, ойлгомжгүйгээс шалтгаалж байна уу гэдгийг ил тод ярьж, шийдэх цаг нь болжээ” гэж бичжээ.
Түүнчлэн “УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор санал солилцож байна” гэсэн юм.
Ер нь бол шүүх байгууллага хуульд л захирагдаж, хараат бусаар ажиллаж чадвал шүүхэд итгэл олны итгэл сэргэнэ. Энэ бол энгийн бөгөөд өөр ямар ч гарцгүй үнэн юм.
Гэвч шүүх хараат бус байдал хийгээд шүүхэд итгэх итгэлийг алдах зүйлүүдийг өөрсдөө хийгээд байгаа байдал анзаарагдаад удаж байна.
Уг нь “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн тангаргийг өргөдөг. Гэвч тангарагаа “тангарсан” үйлдэл хийдэг шүүгчийн тухай баримт сэлт нэлээд гардаг.
Тухайлбал, АТГ-аас 2019 оны хоёрдугаар сарын 13-нд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, гэр бүлийнхнийхээ орлогыг тайлбарлаж чадаагүй Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Ч.Хосбаяр, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Ингээд тэднийг хэрэгт татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг ШЕЗ-д гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт илгээсэн. Харин Нийслэлийн прокурор эдгээрээс татгалзсан байдаг юм.
Бас Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 26-нд “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж байв. Зарлигт 17 шүүгчийн нэр дурдагдсан. “Нэр бүхий 17 шүүгч авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй учир ийнхүү шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн” гэдгийг тухайн үед УИХ-ын зарим гишүүд мэдэгдэж байсан. Улмаар Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх шүүгч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн нь тухайн үед дуулиан болж байсан Салхитын мөнгөний ордны хэрэгтэй холбоотой болж таарсан. Ерөнхийлөгчийн зарлигаар эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тав нь ийнхүү хуулийн байгууллагад шалгагдаж үлдсэн 12 шүүгчийг ямар үндэслэлээр чөлөөлсөн тухай мэдээллийг ШЕЗ ч нууцалж байв. Харин энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд 2019 оны наймдугаар сарын 29-нд хийсэн мэдээллийнхээ үеэр “Дээрх чөлөөлөгдсөн 17 шүүгч нар бүгд их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдсон. ШЕЗ өнгөрсөн хугацаанд ажлаа огт хийгээгүй” гэж байсан юм.
Салхитын мөнгөний ордын хэргээр 2020 оны тавдугаар сард шүүхээс хахууль авсан хэрэгт шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жилийн хорих ял оноосон. Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож нар хээл хахууль авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй учраас тэднийг цагаатгасан. “Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө байна” гэж үзээд Б.Цолмонбаатараас 60 сая төгрөг, н.Уранчимэгээс 35 сая төгрөг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан хошууч Г.Алтан-Очироос 50 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Гэхдээ шүүх, хуулийн байгууллагынхан Салхитын мөнгөний ордын хэргийн яг эцсийн үнэнийг олсон уу гэвэл үгүй. Хэргийн хоёр талд, тус бүрд нь шүүгч асан гавьяат хуульчийн хамт ерөнхий прокурор асан, ЦЕГ-ын дарга асан генерал хоёр ажилласан тухай нэвт яригдсан. Харамсалтай нь хэргийг шүүн таслахаас өмнө нэг гавьяат хуульч нь нас барж, хэргийн учиг тэдэнд хүрч чадаагүй юм.
За тэгээд, өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой шүүгч нарын баримтыг “Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч нэгдэл” тухайн үед дэлгэсэн дээ. Олон шүүгчтэй банкны дансаар мөнгө “гүйлгэсэн”, ковидын үеэр шүүгч нарыг оролцуулсан янз бүрийн хориотой арга хэмжээ зохион байгуулсан зэрэг асуудлаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн биеэ үнэлэхийг зохион байгуулах, хахууль өгөх гэсэн зүйл ангиар шалгаж хэргийг шүүхээр шийдсэн. Түүнтэй холбоотой шүүгч нар дээд тал нь бүрэн эрхээсээ л салаад өнгөрсөн. Эрүүгийн хариуцлагад татагдсан шүүгч байдаггүй.
Саяхан Дээд шүүхээс нэгэн сонин шийдвэр гарав. Өмгөөлөгчдийн холбооны 17 жилийн турш амьдарч ирсэн 308 мкв байрыг нэхэмжлэгч “Монгол даатгал” ХК-д шилжүүлэн өгөхөөр шийджээ. ШЕЗ -үүнээс ердөө хоёрхон хоногийн өмнө “Шүүхүүд байргүй хэцүү байна. Төсөвт байрны зардал тусгаад өгөөч” гээд гадаа гудамжинд акц хийж байсан юм. Тэр арга хэмжээнд нь өмгөөлөгч нар хүртэл очиж “Тийм ээ, шүүх байргүй хэцүү байгаа” гэж байв. УИХ-ын даргыг саяхан ШЕЗ дээр очоод “Шүүхэд хэрэгтэй хуулийн боломжийг гаргаж өгье” гэхэд тэд “Өнөөдрийн байдлаар шүүхүүд 42 барилгад үйл ажиллагаа явуулж буй ч 36 нь стандартын шаардлага хангахгүй, суулттай, мөөгөнцөр үүссэн. Шүүхүүдийн зургаа нь өөрийн байргүй, дөрөв нь прокурорын байгуулагын байранд, нэг нь нь орон нутгийн өмчийн барилгад байрлаж байна. Энэ нь хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлаж буйг онцлоод, шүүх байгууллагын байр, орчин нөхцөлд анхаарлаа хандуулаач” гэсэн хүсэлт тавиад л байж байсан. Товчхондоо “Шүүхийн байр сайхан байвал шүүгч нар хараат бус байдлаа хадгална” гэсэн агуулга бүхий зүйл хэлээд байна. Гэтэл Дээд шүүх Өмгөөлөгчдийн холбооны байрыг “Монгол даатгал” ХК-нд өгөх шийдвэр гаргасанд хуулийн салбарынхан тэр аяараа нүд нь орой дээрээ гарах шахна лээ. Тэр 308 мкв талбайтай оффисыг Өмгөөлөгчдийн холбоо яаж авч, хэдэн жил үйл ажиллагаа явуулсан бэ гэдгийг өмгөөлөгчид байтугай, шүүгч нар ч сайн мэддэг аж. Нэг үгээр хэлбэл, ямар ч цааснаас илүү нотолгоо энэ юм. Гэтэл Дээд шүүх эсрэгээр нь эцсийн шийдвэр гаргачихсан байгаа юм. Эндээс нэхэмжлэгч компани, тухайн шийдвэрт оролцсон шүүгчийн харилцааг ч сонирхвол сэжүүр баригдаж мэдэх юм. Дамжаад “Ер нь шүүгчийн шийдвэр хуулийг баримтлахаас гадна дотоод итгэл үнэмшилд тулгуурлана гэдэг гажуудвал “шүүхийн мафи” бий болох нөхцөл болж байна уу” гэсэн ноцтой асуултыг гаргаж ирж байна. Тодруулбал, шүүгчийн дотоод итгэл үнэмшил гээчийг хувийн ашиг сонирхол болгож хувиргах ёс зүйтэй нөхдүүд шүүхийн салбарт байсаар байна гэсэн үг. Хэдэн жилийн өмнө иргэн Ц.Батын бичсэн “Бат инженерийн кэйс” номын “Гэмт хэргийн бирж” хэмээх хэсэгт “Иргэний маргааныг эрүүжүүлэх нь шүүх, прокурорын хамгийн их ашиг олдог бизнес байдаг бололтой юм. Хоорондоо маргалдсан мөнгөтэй хүмүүсийн гомдлын дагуу аль нэг талыг нь шоронд хийж мөрдөн шалгах нэрээр тамлан зовооно. Ингэхдээ гомдол гаргагчаас хахууль авна. Мөн гомдоогчоос ч хахууль авна. Тэгж тэгж шүүх хүргэхгүйгээр нөгөө хүнээ тавьж суллана. Мэдээж, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн байхгүй юмыг суллахаас ч яахав. Эцэст нь гомдогч тал нөгөө хүнээ хориулсанаас өөр тайтгарал олоогүй тул түүнд учирсан хохирол барагдахгүй, гомдоогч тал хоригдож бие сэтгэлээрээ хохирсон учир нөгөө талдаа хохирлыг барагдуулахгүй жонхуурсан байдал үүссэнээр хэрэг замхарна. Дундаас нь харин эрүүдэн шүүх тогтолцооныхон том ашиг салгаж авцгаана. Хууль зүйн дэд сайд байсан хүний ярьснаар, ийнхүү хэрэг үүсгэн ашиг олдог “гэмт хэргийн бирж” дээр хоёр тэрбум орчим ам.доллар эргэлддэг болохыг хожим сонссон юм” гэсэн байдаг.
Ер нь тэгээд нэг айхтар үг хэдийнээс дуулдаад л байдаг шүү. “Нэг дээр нэмэх нь нэг, хариу нь хэд вэ” гэхэд байгалийн шинжлэх ухааныхан огт бодолгүйгээр “Хоёр” гэж хариулна. Харин хуульчид “Танд хэд гаргавал хэрэгтэй вэ” гэдэг гэх…
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Өнөөдөр сонин - 2024.10.18 БААСАН № 199 (8014)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.