Дэлхийн орнууд иргэдийнхээ аюулгүй байдлыг телекамерын тусламжтайгаар хамгаалах чиглэлд анхаарч, технологийн дэвшил, инновацид суурилсан хяналтын камерын цогц систем хөгжүүлсээр байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон барилгын гадна орчныг камержуулах нь хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдээ хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, илрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг.
Олон улсад амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч буй дээрх туршлагыг Монголын цагдаагийн байгууллага “Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж, орон нутагт 20526, нийслэлд 29763, нийт 50289 камер байршуулсан. Энэ нь орчны аюулгүй байдлын стандарт дахь камерын үзүүлэлт 73 хувьд хүрсэн сайн үзүүлэлт. Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж гадна орчноо камержуулснаар “Ногоон бүс” төсөл амжилттай хэрэгжиж буйд цагдаагийн байгууллага талархаж байна.
Анх төслийн I шатыг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж, 2023 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүрэн камержуулсан. Тус дүүрэгт теле камерын хяналтын дэд төвийг байгуулснаар тухайн бүсийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл 48.6 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн үр дүн гарсан.
Төслийн II шатанд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг нийслэлийн дүүргүүдийн хороодыг сонгон “Нэг хороо-Нэг сар” арга хэмжээг зохион байгуулж аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр шинээр 1714 камер байршуулсан нь үр дүн өгч, дээрх төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тодруулбал, Засгийн газрын 9 сарын 18-ны өдрийн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 тоот тогтоолоор аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв” байгуулах, гудамж, зам, талбайд суурилуулсан теле камеруудын ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо. Мөн телекамераар цуглуулсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд Засгийн газрын тогтоолоор үүрэг болгосон.
Бид аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоотойгоор “Ногоон бүс” төслийн хүрээнд 2024 онд Улаанбаатар хотыг бүхэлд нь, 2025 оны II дугаар улиралд 21 аймгийн сум, багийг бүрэн камержуулж, телекамерын хяналтын дэд төвүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Иргэн, хуулийн этгээд та бүхэн камержуулах ажилд идэвхитэй оролцсоноор ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.