Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж намуудын бүлэг байгуулж, дарга сонгох, Хурлын дарга сонгох, дүүргийн Засаг даргаар томилуулах хүнийг тодруулж Хотын даргад уламжлах зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ж.Энхбаатар, АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Б.Одбаяр нар сонгогдсон. Харин хурлын даргаар Хурлын Ажлын албаны даргаар ажиллаж байсан Ч.Мэндсайханыг сонгосон.
Хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Засаг даргаар ажиллаж буй Г.Жаргалсайханыг дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлэхээр боллоо. Г.Жаргалсайхан 2020 оноос эхлэн дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм. Тэрээр саяхан болсон орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн зүүн бүсийн хороодын иргэдээс хамгийн өндөр санал авч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдоод байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.