Гэмт хэргийн замаар алдагдсан 42 ширхэг гар утсыг энэ оны 09 дүгээр сард дөрвөн удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.
Нэр бүхий бүлэг этгээдүүдээс эд мөрийн баримтаар хураагдсан эдгээр гар утасны 22 нь халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн алдсан утаснууд болохыг тогтоож хохирогчоор мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал,Улаанбаатар-Улаан Үд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyota Alphard маркийн автомашины жолооч З нь Iphone, Samsung загварын 10 ширхэг гар утас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор шөнийн 01 цагт нэвтрүүлэх үед нь цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Одоогоор дөрвөн утасны хохирогчийг олж тогтоон мэдүүлэг авсан байна.
Жолооч З нь тээвэрлэн авч яваа зорчигчдод 1-2 гар утас тараан өгч, Монгол улсын гаалийн хяналтаар нэвтрүүлсний дараа цуглуулж авдаг байна. Түүнчлэн iphone загварын гар утасны ID lock, дэлгэцийн нэвтрэх кодыг тайлсан нөхцөл байдал тогтоогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.