СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нобелийн Энх тайвны шагналыг цөмийн эсрэг Японы байгууллагад олгоно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Шинжлэх ухаанд шинийг санаачилж, нээлт хийсэн салбар бүрийн манлайлагч эрдэмтэд болон нийгмийн зүтгэлтнүүдийг алдаршуулдаг Нобелийн шагналын эздийг жил бүрийн аравдугаар сарын дунд зарладаг уламжлалтай. Энэ жилийн хүндтэй шагналын эзэд тодорсоор байна.

Физик, химийн салбарын эрдэмтдээс энэ жилийн шагналын салхийг хагалж байсан бол Утга зохиолын болон Энх тайвны шагналын эзэд мөн тодорчээ.

Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан яруу найраг, утга зохиол хосолсон өвөрмөц бүтээлээрээ Утга зохиолын шагналыг хүртээд байсан бол Энх тайвны шагнал мөн л Ази тивд ирэхээр болжээ. Энхтайвны шагналыг Японы “Nihon Nidankyo” байгууллагад олгох болсноо Норвегийн Нобелийн хороо баасан гарагт зарлалаа.

Тэртээ 1901 оноос эхлэн жил бүр уламжлал болгон олгох болсон энэхүү хүндтэй шагналыг эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу  физик, хими, биологи, физиологи анагаахын шинжлэх ухаан, уран зохиол, энхтайвны үйлст гаргасан ололт амжилт болон үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог

Сонирхуулахад, Нобелийн физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академи, биологи-анагаах ухааны салбарын шагналыг Каролинскагийн институт, уран зохиолын шагналыг Шведийн академи шалгаруулдаг. Харин Энх тайвны шагналыг Норвегийн парламент тодруулдаг аж.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд буюу Альфред Нобелийн нас барсан өдрөөр шагналыг гардуулдаг уламжлалтай.

Энхтайвны салбарын шагналаас бусад таван шагналыг Шведийн нийслэл Стокхольм хотод, Энхтайвны шагналыг Норвегийн нийслэл Ослод гардуулдаг.

Нобелийн шагналыг дагалддаг мөнгөн дүн нь Нобелийн сангийн тухайн жилийн орлогоос хамаардаг байна. Шагналыг нэгээс олон шагналтанд олгосон бол мөнгийг тэдний хооронд тэнцүү хуваадаг ажээ.

Физикийн салбар:

Бид энэхүү нэр хүндтэй шагналыг нэрт эрдэмтэн өөрийн гэрээслэлдээ баталгаажуулан үлдээсэн байдгийг мэднэ. Тэгвэл физикийн салбар бол Альфред Нобелийн 1895 онд гэрээслэлдээ бичиж үлдээсэн хамгийн эхний шинжлэх ухааны салбар юм.

АНУ-ын эрдэмтэн, Princeton их сургуулийн профессор John Hopfield болон Их Британийн эрдэмтэн, Канадын Торонтогийн их сургуулийн профессор Geoffrey Hinton нар энэ жилийн Физикийн салбарын шагналыг хүртсэн.

Шагналыг олгох мэдэгдэлд “....хиймэл мэдрэлийн сүлжээ бүхий машин ажиллах боломжийг олгох шинэ нээлт хийсэн учир” хэмээн онцлон тэмдэглэжээ

Химийн салбар:

Химийн салбар бол Альфред Нобелийн хамгийн их шимтэн дурладаг байсан салбарын нэг. Тэгвэл энэ салбарын шагналтнаар 2024 онд гурван эрдэмтдийг нэрлэн бүтээлийг нь алдаршуулсан. David Baker, Demis Hassabis, John Jumper нарыг хүний амин чухал үзүүлэлт болох уургийн талаар нарийвчлан судалж, шинэ нээлт хийснийг онцлон тэмдэглэжээ.

Тухайлбал, эрдэмтэн David Baker цоо шинэ төрлийн уургийн бүтцийн тооцооллоор энэхүү амжилтад хүрсэн бол Demis Hassabis, John Jumper нар уургийн цогц бүтцийг урьдчилан таамаглах асуудлыг хиймэл оюун ухаантай хослуулах санаачилга гаргасан байна.

Физиологи анагаахын шинжлэх ухаан:

Эрдэмтэн Victor Ambros, Gary Ruvkun нар бичил RNA болон түүний генд нөлөөлөх нөлөөллийн талаар судалгаа хийснээрээ Нобелийн шагналыг хүртсэн байна.

Утга зохиолын шагнал:

БНСУ-ын зохиолч Хан Кан Нобелийн Утга зохиолын шагналыг гардан авсан анхны ази эмэгтэй болж түүхэнд бичигдэж байна. Мөн энэхүү шагналыг хүртсэн 18 дахь эмэгтэй юм.

1970 онд төрсөн Хан Кан 1993 оноос уран зохиолыг сонирхож эрчимтэй уран бүтээл туурвиж эхэлсэн. 2007 онд “Цагаан хоолтон” номыг бичсэн нь дэлхийн уран зохиолын өв санд томоохон шинэчлэл хийсэн онцлох бүтээл болсныг утга зохиол судлаач, шүүмжлэгчид дүгнэдэг. Энэхүү зохиол нь түүний хувьд англи хэлнээ орчуулагдсан анхны бүтээл боловч асар их амжилт дагуулж 2016 онд International Booker Prize олон улсын шагналыг анх удаа эх орондоо авчирч байжээ. Хан Кан “Цагаан хоолтон”-оос гадна “The White book”, “Human acts” зэрэг бүтээлийг туурвисан нь хүний бие мах бодь, сэтгэл зүй, оюун санааны хоорондын холбоо хамаарлыг өвөрмөцөөр илэрхийлсэн онцгой ач холбогдолтой хэмээн үнэлэгддэг. Сонирхуулахад, түүний аав Хан Сьён Вон мөн алдартай зохиолч аж. 

Энх тайвны шагнал:

Нобелийн таван шагналаас зөвхөн Энх тайвны шагналыг хувь хүн эсвэл байгууллагад олгож болох журам бий. Тэгвэл өнөө жилийн энх тайвны шагналыг Японы “Nihon Nidankyo” байгууллагад олгох болсон. Тус байгууллага нь 1945 онд Хирошима, Нагасаки хотуудад болсон цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдэгсдийг хамгаалах, цөмийн аюулыг дэлхий дахинд таниулан ойлгуулахаар олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн сайн дурын байгууллага юм.

Норвегийн Нобелийн хорооноос утсаар холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцах үеэр тус байгууллагын төлөөлөл болох хатагтай Масака Вада “Энэхүү нэр хүндтэй шагналыг манай байгууллагад олгох болсонд маш их баяртай байна. Цөмийн гамшиг хүн төрөлхтөнд ямар их гай гамшиг учруулсныг өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд хэлэхэд өнөө үед дэлхий ертөнцөд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол цөмийн аюулгүй, энх тайван эв нэгдэл гэдгийг зөрчил мөргөлдөөнд байгаа улс орнууд ойлгож ухаараасай гэж хүсч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Нобелийн дурсгалд зориулсан Эдийн засгийн шагнал:

Альфред Нобелийн гэрээслэлд байгаагүй ч 1968 онд Шведийн төв банк Альфред Нобелийн дурсгалд зориулан Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын шагналыг санаачилжээ. Шагналыг Нобелийн сангаас 1968 онд Шведийн төв банкны 300 жилийн ойд зориулан цугласан хандивын үндсэн дээр анх удаа олгосон нь өдгөө уламжлал болон тогтсон байна. Шагналын хэмжээ нь Нобелийн шагналынхтай адил ажээ.

Эдийн засгийн шинжлэх ухааны анхны шагналыг 1969 онд Рагнар Фриш, Ян Тинберген нар хүрсэн байна. Харин 2024 оны Эдийн засгийн ухааны шагналын эзнийг хараахан нэрлээгүй байгаа юм. Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын шагналыг бусад Нобелийн шагналуудын адил зарчмын дагуу Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академи шалгаруулдаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.