Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасан, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлажээ. Ийн ял оноохдоо улсад буюу БЗС-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг нь шүүх харгалзан үзсэн байна.
П.Лхагвасүрэн нь тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд (өнөөгийн Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд) Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан байдаг. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт хүүхдийнхээ нэрийг П.Лхагвасүрэн оруулж батлуулсан аж. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The University of Technology Sydney” сургуульд суралцахаар болж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г П.Лхагвасүрэн хүүтэйгээ байгуулсан юм. Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй хүүгээ “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь П.Лхагвасүрэн зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, автозогсоолын барьцаалбарыг хүчингүй болгосон билээ.
БЗС-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнгийн хувьд өмнө нь торгох ялаар шийтгүүлсэн нэгэн. Тодруулбал, “Оршин суудаг газраасаа өөр аймаг, хотод суралцаж байгаа оюутны жилд хоёр удаа орон нутагтаа ирж, очих зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөх” заалтыг зөрчин “Сити” их сургуулийн оюутнуудын замын зардлын мөнгө 2016 онд 1.1 сая, 2017 онд 160 мянган төгрөг нэхэмжилсэн байхад тус сургуулийн данс руу 158.3 сая төгрөг шилжүүлж, зөрүү 157 саяыг нь бэлнээр авч дээрх санд онц их хэмжээний хохирол учруулсан. Хүүгийнхээ байгуулсан “Мосс” ХХК-иар байгууллагадаа программ хангамжийн ажил хийлгүүлэх нэрээр халхавчлан ямар ч ажил, үйлчилгээ явуулаагүй байхад нь оюутны замын зардал, буцалтгүй тусламжид олгох мөнгөнөөс 129.8 сая төгрөг шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 17 сая 640 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.