"South Gobi Sands" компани, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран Богд уулын Энхтайвны амыг ойжуулах ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдөр тус байгууллагууд нөхөн тарилтыг хийх хүрээнд 400 гаруй мод тарилаа.
Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ц.Бямбасүрэн:
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зарласнаас хойш улсын хэмжээнд бүх мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтын мэргэжлийн байгууллагууд мод тарих, ойжуулах ажлыг гүйцэтгэж байгаа. Өнөөдөр бидний зогсож байгаа энэ газар бол Богд уулын Энхтайвны ам. Энд "South Gobi Sands" компанитай хамтраад ойжуулалтыг хийж байна. Өнөөдрийн мод тарих ажилд сайн дурын клуб, мэргэжлийн байгууллагынхан, "South Gobi Sands" компанийн төлөөлөл оролцож байна. Бид гурав дахь жилдээ мод тарьж байна. Шинэс модоор ойжуулалт хийж байгаа. "South Gobi Sands" компани нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжилтийг шийдэж, манай холбоо Энхтайвны аманд гурван жилийн хугацаанд 15 мянган мод тариад байна. Өнөөдөр өмнө нь тарьсан модныхоо нөхөн тарилтыг хийж байна. Өөрөөр хэлбэр тариад ургаагүй модны оронд нөхөж мод тарьж байна. Гэхдээ тарьсан модны ургалт сайн байгаа. Мод ургалт 90 орчим хувьтай байна.
Б.Төрбагана "South Gobi Sands" компанийн байгаль орчны мэргэжилтэн
"South Gobi Sands" компани нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 15 сая мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээнд 2022 оноос Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран Богд уулын Энхтайвны аманд мод тарих, ойжуулах ажлыг хийж байна.
Мөн 2023 онд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 30 мянган мод тарьсан. Үүний 15 мянга нь заг мод байна. Үлдсэн 15 мянган мод нь ойжуулах, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр тарьсан байгаа. Мөн Өмнөговь аймгийн Сэврэй, Ханхонгор сумдуудад заг модыг элсний нүүдэл зогсоох зорилгоор хийж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ орон нутгийн мод үржүүлгийн компанитай хамтран ажилладаг. Манай компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 50 мянга гаруй мод тариад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.