Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүнээс 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Тэгвэл өнөөдөр уг цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг товлосон хугацаандаа өнөөдөр ашиглалтад орууллаа.
Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Ийнхүү тус 2 блок бүхий 300 мВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Цахилгаан станцыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр бид бүхэн уг төслийн эхний үе шатыг нээсэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад энэ жилийн байдлаар 11.3 хувиар өссөн байна. Цаашид ч эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэх нь дамжиггүй. Уг цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах санаачилга гарган ажиллаж буйг дуулгахад таатай байна. Энэхүү эхний үе шатыг нээснээр 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 71 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг бий болгох боломж бүрдлээ" хэмээн хэллээ.
2024-2028 онд Улаанбаатар хотод метроны I, II шугам, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Шинэ зуун мод хотын дэд бүтэц болон зургаан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлыг хийхэд нэн түрүүнд эрчим хүчний найдвартай байдлыг хангах нь чухал байгаа юм. Тиймээс ч Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой бөгөөд үргэлжлүүлэн 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа билээ. Энэ бүхний үр дүнд дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлуудыг хийхэд эрчим хүчээр бүрэн хангагдах боломжтой болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.