СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2024 | 2024-10-03

Д.Бат-Оюун: Дорноговь дулааны станцын яндангаас гарах үнсний хэмжээг 99.9 хувь бууруулсан

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
6 цагийн өмнө

Дорноговь аймгийн Чандмань-Илч ОНӨХХК-ийн Хяналтын хэлтсийн хяналтын инженер, мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Сайншанд сумын ИТХ-ын 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Бат-Оюунтай ярилцлаа.

Гал гэдэг хүний хамгийн анхдагч хэрэгцээ байсаар ирсэн. Энэ цаг үед үүнийг дулаан гэдэг ойлголтоор төлөөлүүлж болох байх. Тэр тусмаа хот суурин газарт дулааны эх үүсвэр, дулаан түгээх шугам хаа хүрээд дуусаж байна, тэндээс гэр хороолол эхэлж байгаа нь утаа гэх гамшгийг дагуулж байна. Таны хувьд энэ чухал салбартай ажил, амьдралаа холбосон түүх хэрхэн эхэлдэг вэ?

-Манай  дулааны станц 1986 онд ашиглалтад орсноос хойш 38 дахь жилдээ хэрэглэгчдийг тасралтгүй дулааны эрчим хүчээр найдвартай хангах эрхэм зорилго тавин үйл ажиллагаа явуулж байгаа аймгийнхаа гал голомт нь болсон газар юм.

Миний ээж энэ л газар энэ л үйлдвэртэй ажил амьдралын гараагаа холбон 34 жил ажиллаж гавьяаны амралтандаа гарсан.Тиймдээ ч багаасаа ээжийнхээ ажлыг харж, мэдэрч өссөн болохоор аль эрт мэргэжил сонголтоо хийчихсэн ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баяр дээр би инженер болно гэж итгэл дүүрэн ярилцлага өгч байсан минь саяхан. Ингэж эрт сонголт хийсэн байсан маань бас их түүхтэй юм. Есдүгээр ангид ордог жил хичээлийн хэрэгсэл, хувцсаа бэлтгэхээр Улаанбаатар хот орох үедээ ээжтэйгээ хамт ажлынх нь шугмаар одоогийн ШУТИС буюу тухайн үеийн Техникийн Их Сургуулиар орох тохиол таарч хөдөөний надад тэр гоё өндөр барилга, тэр их эргэлдсэн шат, тийм их хүмүүс шуугилдсан өргөөнд сэтгэл татагдан “за энэ сургуульд л сурах юм шүү” гэж өөртөө битүүхэн мөрөөдөл тээсэн. Санасандаа хүрч ээжийнхээ мэргэжлийг өвлөн үргэлжлэл нь болон орон нутагтаа ирж үйлдвэртэйгээ холбогдсоноос хойш 23 жил өнгөрчээ.Бага байхад ээж маань өглөө босонгуутаа цонхоор гадагш хамгийн түрүүнд дулааны станцынхаа яндангийн утааг хардаг зуршилтайд нь битүүхэн дүргүйцдэг байсан ч өнөөдөр би өглөө болгон тэр л сэтгэлийг мэдэрч өглөө болгон өөрөө хардаг болсон доо.

Миний хувьд энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн ээждээ, энэ л салбарт өлгийдөж авсан хамт олондоо маш их баярладаг. Хамт олон гэдэг амьдралын агуу их тансаглал юм даа.

Дулааны станц маань хүчин чадлын хувьд хэр байна вэ? Өнөөдөр үүсч байгаа эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж байна?

 -Анх 1986 онд КЕ25/14 маягийн 3 зуухтайгаар дулааны станц баригдах үед орон нутгийн хүн ам цөөн, төвлөрсөн халаалтын системд холбогдсон хэрэглэгч багатай байсан бол жил ирэх тусам хүн амын өсөлт болон бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэж дулаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах  шаардлага үүсээд байгаа.

Өнгөрсөн он жилүүдэд КЕ25/14С маягийн уурын зуухыг КЕ25/14БД маягийн буцлах давхаргатай усан халаалтын зуух болгон технологийн өөрчлөлт шинэчлэлтийг хийж 2013 онд шинээр нэг зуухны  суурилуулалт угсралт хийж зуухны хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Мөн 2020 онд 1-р зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэн КЕ25/14БД маягийн зуухыг КВТС20/150 маягийн зуухаар шинэчлэх ажил хийгдсэн нь ихээхэн үр өгөөжөө өгсөн ажил болсон. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,4-р зуухны шинэчлэлтийн ажил эхэлсэн нь өнөөдөр үүсч байгаа эрэлт хэрэгцээг хангах ажил зогсолтгүй үе шаттайгаар хийгдэж байгааг харуулж байна.

Сүүлийн найман жилийн хугацаанд аймгийн төвд орон сууцны барилгууд олноороо нэмэгджээ. Энэ хэрэглээг бол асуудалгүй хангаж байна уу?

-Манай аймагт сүүлийн жилүүдэд 10000 айлын орон сууцны хорооллын төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд  Мандах наран-1 хорооллоос эхлээд Мандах наран-5 хороолол, Нарлаг шанд хороолол, Саруул хотхон гэх мэтчилэн маш олон орон сууц баригдаж ашиглалтад орсон. Энэ нь манай ачаалалыг хэдийгээр нэмж байгаа боловч иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах томоохон төсөл ажил учраас инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, өргөтгөлийн ажлуудыг хийж дулааны эрчим хүчээр хангаж байна.

Манай аймаг говийн бүс учир бусад аймгийг бодвол гадна агаарын температур өвөлдөө +200С-250С хэм орчим харьцангуй  дулаан  уур  амьсгалтай байсан бол сүүлийн жилүүдэд олон жилийн дунджаас илүүтэйгээр цочир хүйтэрч байна. Өнгөрсөн жил -320С-360С хэм хүртэл хүйтэрч дулааны станц анх удаа бүрэн хүчин чадлаараа 4 зуух зэрэг галлаж оргил ачааллыг даван гарсан.Ер нь цаашдаа их засварын ажлыг төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн байдлаар хийж дулааны станц ажиллаж байгаа хэдий ч зуухны насжилжтаас хамааран бодит хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрээд байсан боловч зуух шинэчлэлтийн ажил эхэлсэнээр энэ хүндрэлээс гарч байна.

Үйлдвэрлэсэн дулааныг айл өрх, хэрэглэгчид рүү түгээхэд хамгийн гол дэд бүтэц нь шугам хоолой байдаг. Шугамын өргөтгөлийг бас хийсээр байна уу?

-Дээрх төсөл хөтөлбөрийн хүрээнд улс болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн дулааны станцыг II-р хэлхээнд холбох ажил, шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хийгдсэнээр сайншанд сумын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хамрах хүрээ тэлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны хороолол, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх хэрэглээг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэх, сүлжээний горим, найдвартай ажиллагааны түвшин дээшлэх, техник эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэхээс гадна нийт хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирна. Тиймээс дулааны станцыг II-р хэлхээнд холбох шугам сүлжээний өргөтгөлийн ажил, дулаан дамжуулах төвүүдийг шинээр барьж байгуулах, тоног төхөөрөмж  суурилуулах ажил, туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн  зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Дорноговь аймаг яндангүй болох ойртжээ?

-Орон сууцны хороолол нэмэгдэх нь нээрээ л гэр хорооллын яндангийн тоо буурах сайн талтай. Мөн манай аймгаас сонгогдсон УИХ-н гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нарын санаачлагаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 500.0 сая төгрөгийн санхүүжилтээр дулааны станцын 3,4-р зууханд уутат шүүлтүүр шинээр суурилуулах ажил хийгдсэнээр дулааны станцын яндангаас гарч байгаа утааны хийтэй тээвэрлэгдэн агаарт хаягдах үнсний хэмжээг 99,9 хувь бууруулж стандарт хангасан байгаль орчинд ээлтэй, орон нутгийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн томоохон ажил болсон.

Яндангийн тоо буурна гэдэг та нарын ажил нэмэгдэж байна гэсэн үг байх. Ингэхэд яндангийн утаагаа өглөө бүр хардаг гэж та ярьсан. Чухам яг юуг нь ажигладаг юм бэ?

-Дээхнэ үед дулааны станцад байнгын доголдол гарч бид ч гэртээ цөөхөн хонодог тийм л хэцүү цаг үеийг миний ээж ч тэр би ч тэр туулсаан.Тийм учраас өглөө босоод л хамгийн түрүүнд зуух хэвийн ажиллаж байна уу гэсэн сэтгэлээр сэрж яндангийнхаа утааг харж тайвширдаг байлаа шүү дээ.

Тэр үеэс хойш аймгийн хөгжил хэр өөрчлөгдсөн бэ?

-Манай аймаг сүүлийн жилүүдээд үнэхээр бүтээн байгуулалт, хөгжлийн төв цэг болон хөгжиж байгаа гэж би боддог. Тийм ч учраас улсын шилдэг аймгаар 2 удаа жил дараалан шалгарсан нь иргэдийн амьдралын чанар сайжирч байна гэж харж байгаа.

Төвлөрсөн дулаан хангамжийн хувьд үе үеийн хөдөлмөрч, бүтээлч, эвсэг хамт олны хичээл зүтгэлээр хэрэглэгчдийн эрх ашгийг эрхэмлэн дулаан үйлдвэрлэх түгээх үйл ажиллагаа жил ирэх тусам сайжирсаар л байна. Цаашлаад манай станцын хувьд нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал зуухны өргөтгөл, шинэчлэлтийн ажил, хэрэгцээний халуун ус үйлдвэрлэх, түгээх, цэвэр ус, дулаан хангамжийн төв магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил, гэр хорооллын айл өрхийг цэвэр усны шугамд холбох гэх мэтчилэн олон олон ажлын төлөвлөлтүүд хэрэгжсэнээр иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн үр өгөөжөө өгсөн ажил болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ ажлынхаа хажуугаар нам, олон нийтийн ажилд хэзээнээс оролцож эхлэв дээ?

-Анх Монгол Ардын Намд найзын маань ээж Монгол Улсын Гавьяат Хуульч Ц.Бадиа гуай 2012 онд хөтлөн оруулж тухайн үеийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгчдийн эгнээнд элсүүлсэн нь одоогийн намайг бүтээхэд ихээхэн дэм болж нийгэмд эмэгтэйчүүдийг төлөөлөн өөрийн дуу хоолойг хүргэх боломжийг нээж өгсөн. Мөн Дорноговь аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч, Чандмань-Илч ХХК-ийнхаа залуучуудын зөвлөлийн дарга, үйлдвэрчний хорооны тэргүүлэгч, эмэгтэйчүүдийн бүлгэмийн дарга, Ерөнхий боловсролын 1-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга, Ерөнхий боловсролын 5-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга гээд олон олон сонгуульт ажил энэ л амьдралыг минь эрчилж, хурцалж, хааяа бүүр хоногийн 24 цаг бага санагдтал завгүй ажилладаг байлаа.

Дорноговийн эмэгтэйчүүдэд ямар онцлог байдаг вэ?

-Манай нутгийн эмэгтэйчүүд бие даасан, хэн нэгнээс хараат бус хэлэх хийхдээ зоригтой, эрчтэй, хүчтэй, идэвхтэй дайчин гэж боддог. Хараад байхад ямарч ажлын ард гарч чаддаг нийтлэг чанартай шүү.

Аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдэд болон иргэдэд тулгамдаж байгаа асуудал юу вэ?

-Эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээ дутагдалтай, нийгэмд эерэг өөрчлөлт өгөх санал санаачилгатай ажлуудад оролцоо муу, мөн энэ талаар нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ орон нутагт төдийлөн явагддаггүй зэрэг тулгамдаж байгаа асуудлууд байна.

Бид эмэгтэйчүүдийн эрхийн болон жендерийн тэгш байдлын асуудлаар өөрчлөлт хийх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулах бусдаас суралцах, бусдад түгээх, туршлагаа солилцох гэх мэтчилэн олон ажлуудыг санаачлан нөлөөллийн ажлыг үр дүнтэй явуулах нь зүйтэй юм.
Миний хувьд сумын ИТХ-д анх удаа нэр дэвшиж байна. Намын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилго, зорилтуудаас эмэгтэйчүүд рүү чиглэсэн ажлууд болон мэргэжилтэй минь холбоотой  дэд бүтэц бүтээн байгуулалтын ажилд эмэгтэйчүүд шийдвэр гаргах болон бодлого тодорхойлох түвшинд ажилласнаар монгол эмэгтэйн үнэ цэн өсөж, өөрийгөө хөгжүүлэх боломжууд нэмэгдэнэ гэж харж байна.

Дорноговь аймаг хүнд үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийн төв болох ирээдүй нэгэнт тодорхой болжээ. Томоохон үйлдвэрүүдийн дулааны хэрэглээг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Манай аймагт төвлөрсөн дулаан эх үүсвэр аймгийн төв болон арын төмөр замд 4 чиглэлд дулаан түгээх үйл ажиллагаа явуулдаг.Тухайлбал аймгийн төвийн хэсгийн айл өрх аж ахуй нэгж байгууллагын дулааныг төвлөрсөн дулаан хангамжийн систем болох дулааны станц, нефтийн үйлдвэрийн ажилчдын орон сууцны дулааны хэрэглээг 8,4 мвт-ын эх үүсвэр 2, Мандах наран-5 хорооллын дулааны хэрэглээг Төмөр зам салбар буюу 11мвт-ын дулааны станц, Ар шандын орон сууцны дулааны хэрэглээг  Орон сууцны 3-р анги тус тус хангаж байна. Тэгэхээр барилга бүтээн байгуулалтаа дагаад жижиг жижиг эх үүсвэрүүд бариад байж болохгүй учир цаашид төвлөрсөн дулаан хангамжийн шинэ дулааны цахилгаан станц барьж байгуулан нэгдсэн системтэй болох төсөлийн техник эдийн засгийн үзүүлэлтийн судалгаа хийгдэж байгаа нь сайшаалтай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.