Хелен хар салхи нь өнгөрсөн ням гарагаас эхлэн АНУ-ын Флорида мужийн эргээс, зүүн өмнөд мужуудаар дамжин өнгөрөхдөө олон зуун зам, гүүр, барилга байгууламж сүйрч 133 иргэн амь насаа алдаж олон арван хүн ор сураггүй болжээ.
Энэхүү шуурганы улмаас Хойд Каролина, Өмнөд Каролина, Жоржиа, Флорида, Теннесси, Виржиниа мужуудад нийт 133 гаруй хүн амь үрэгджээ. Харилцаа холбоо тасарч, зам хаагдсаны улмаас олон мянган оршин суугчидтай холбоонд орох боломжгүйд хүрсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашдаа нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Хойд Каролина мужийн иргэдэд тусламж үзүүлэхээр 7000 гаруй иргэн АНУ-ын Холбооны Онцгой байдлын агентлагт бүртгүүлсэн бол Үндэсний гвардаас 1000 тонн хүнс, усыг алслагдсан бүс нутгуудад нисдэг тэргээр тээвэрлэж байна гэж албаныхан мэдээлсэн байна.
Уг сүйрэлд өртсөн газар нь Шарлотт хотоос баруун тийш 100 миль (160 км) зайд орших Бат Калф хэмээх жижигхэн тосгон байсан бөгөөд цаг уурын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 1000 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй, түүхэн гамшигт үзэгдэл болж, нийт 158 тэрбум тонн хур тунадас орсон бөгөөд энэ нь хоёр жилийн хугацаанд орох хур тунадасны хэмжээ юм байна. Түүнчлэн Борд гол урьд өмнө хэзээ ч хүрч байгаагүй түвшинд хүрэн үерлэж, зам, гүүр, барилга байшингуудыг гурав хоногийн дотор урсгаж, их хэмжээний хохирол учруулсан талаар мэдээлжээ.
Эх сурвалж: https://www.reuters.com/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.