“Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2024.10.02/ эхэллээ.
Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар зорилтоо ахиулсныг дурдав.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн аргаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж буй малчин иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.
Энэ удаагийн форумыг Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа онцлогтой гэлээ.
Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан бөгөөд энэ хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулсан. Монгол Улс бэлчээрийн хомстлын асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай. Нийт газар нутгийн 76 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. 2023 оны байдлаар бэлчээрийн даац 50 хувийн хэтрэлттэй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Малын тоо, толгойн өсөлт нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байгаа тул мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.
Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тогтвортой болгоход Улсын Их Хурал, Засгийн газраас онцгойлон анхаарч, “Шинэ хоршоо хөдөлгөөн-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг Улсын Их Хурлын дарга дурдлаа.
Мөн цаашид хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох асуудал Улсын Их Хурлын бодлогын төвд байж, энэ чиглэлд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.