Монголчуудын нэг хэсэг хошуурч дагасан коинтой холбоотой, бусдын хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлээд буй билээ. Гэвч шүүх, шүүгч нар энэ төрлийн хэргийг шийдвэрлэх туршлагагүйгээс үү, эсвэл өөр шалтгаан байдгаас уу, нэгийг нь ч шийдвэрлээгүй гэхэд хилсдэхгүй.
Тодруулбал, IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт яллагдагчаар татагдсан “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүгч Т.Батжаргал прокурорын хяналтад буцаасан.
Тус шүүхэд ELFC гэх нэртэй коин гаргаж, бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж мэхэлсэн хэрэгт холбогдсон А.Сумъяабатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд бас нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаагаад байсан юм. Шүүгчийн захирамжийг эсэргүүцэж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Чимэдцэеэ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын прокурорт буцаах захирамжийг хүчингүй болголоо. Ингэснээр ELFC гэх коиныг гаргагч, “Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал А.Сумъяабатын гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэх ёстой болж байна. “Элф эдүкэйшн” ХХК-ийн удирдлагууд нь өөрсдийн гаргасан ELFC нэртэй коиныг биржээр дамжуулан арилжаалахдаа виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх дотоод мэдээллийг ашиглан нууцаар арилжаанд оролцож мөнгө угаан 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон хэмээн буруутгагдаж буй. Тэд анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон 4700 гаруй хүнийг хууран мэхэлсэн хэмээн яллагдагчаар татагдсан байдаг. Уг хэрэгт А.Сумъяабатаас гадна дээрх компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Батжинг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.
Гэвч Б.Батжин мөрдөн шалгах ажиллагаанаас оргож, хилээр гарч явсан учраас үйлдлийг нь тусгаарлан А.Сумъяабатад холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.19-2.2-ын “Албан тушаалаа ашиглаж виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан аж.
Ташрамд дурдахад, иргэд коин хэмээн хошуурч, хадгаламждаа байсан болон үл хөдлөх хөрөнгөд оруулсан төгрөг, валютаа үнэ цэн нь тодорхойгүй цахим мөнгө болгон хувиргаж, хэдхэн хүнд өгөөд авч чадаагүй тохиолдол олон. Эх сурвалжуудын мэдээлснээр 70 орчим коинд иргэд 900 орчим тэрбумын хөрөнгөө оруулсан гэдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.